Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.   Өчигдөр "Шарын гол", "Эрэл",   "Империал гоулд майнинг",  "Эрд хул", "Вестерн холд",  "Ачлал трейд",  "Бармон",  "Болор шүр",  "Эгийн голын усан цахилгаан" ТӨХК, "Дэд бүтэц инженеринг",  "Модун", "Монгема",  "Нью хаппи" ,  "Форс голд майнинг", "Моннис майнинг" зэрэг 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудаж, баримтыг нягтлан шалгалаа. 

 

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шүүмжлэв

 

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шүүмжиллээ. Тодруулбал, “Хөгжлийн банкны асуудал бол улсын хөгжлийг боомилж, олон хүний боломжийг хаасан үйлдэл гэж шууд хэлж болно. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа нээлттэй сонсгол дээр Хөгжлийн банкны зээлдэгчид ирж, ээлж дараалан тайлбар тавьж байна. Гэхдээ Хөгжлийн банк хэмээх энэ байгууллагын үйл ажиллагаанд тодорхой дутагдал, хууль бус асуудлууд байгааг ярихгүй байна. Энэ байгууллага олон улсаас хөрөнгө босгож санхүүжилтээ бүрдүүлж байгаагийн хувьд олон улсын стандарт, ном журмаа дагаж ажиллаж чадаж байгаа юу. Өнгөрсөн жилүүдэд холбогдох байгууллагын хяналт шалгалтын даалгаврыг биелүүлж байсан уу” гэж удирдлагуудаас нь асуув. Гишүүний асуусан олон улын Basel 2.0 стандартыг Хөгжлийн банк мөрдөх шатанд явж байгаа бүрэн гүйцэд хэрэгжүүлдэггүй гэж хариуллаа. Мөн хяналт шалгалтуудаар зээлийн биелэлт муу байгааг дүгнэж байсан ч тухай бүрт арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн нөхцөлд хүрсэн гэдгийг тодотгож байсан юм. 

 

Гэрчүүдийн тайлбар

 
-"Болор шүр" ХХК Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн хүрээнд тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын санхүүжилтэд 2.3 тэрбум төгрөгийг авчээ. Одоогоор зээлийн үлдэгдэл нь 1.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд чанаргүй зээлийн ангилалд багтжээ.  "Болор шүр" ХХК гүйцэтгэх захирал Ц.Содхүүгийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн “2017 оны долдугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ үед "Болор шүр" ХХК-ийн захирал А.Чулуунбаатар гэж хүн байсан. Ц.Содхүү маргааш нь Л.Чулуунбаатартай хэлцэл хийж хувьцааг нь шилжүүлж авсан. Уг зээлийг Л.Чулуунбаатар "Болор шүр" ХХК-ийн захирал байхдаа Хөгжлийн банк дээр зээлийн материал судлуулж авсан. Маргааш нь хилээр гараад явчихсан. Түүнийг дуудаж тайлбар аваагүй тохиолдолд зээлийг хэрхэн яаж олгогдсон талаар бид ярих боломжгүй гэлээ. 


-Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” ХХК-д санхүүжилтийг олгожээ. Сонсголд "Эрэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат гэрчээр оролцов.  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү” Б.Эрдэнэбат “Дансны хуулганы асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд Байшин үйлдвэр комбинатын мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. Мөн 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор уг зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглэсэн болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм” гэв. 


- "Эгийн голын УЦС" төсөлтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.  2018 оны жилийн эцсийн байдлаар “Эгийн голын УЦС" төсөлд 10.6 сая ам.доллар буюу 21.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн зардлын 24 хувь болох 5.1 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, бэлэг дурсгал болон бусад зүйлд зарцуулсан гэдгийг шинжээч хэлж байв. 
-"Империал Гоулд Майнинг" ХХК Баянхонгор аймгийн "Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах" төсөлд зориулж уурхайд ашиглах техник худалдан авах зориулалтаар 2018 оны арваннэгдүгээр сард 16 тэрбум төгрөгийн зээл авсан.


“Империал Гоулд Майнинг" ХХК-ны гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай “Зээлийнхээ 7.39 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн дүгнэлтийн зарим зүйлд санал нийлнэ. Гэхдээ бид төлбөрөө 2019, 2020 онд төлсөн. 2021 онд цар тахал хэмээн түр зогссон. Манай зээлийн хугацаа 2022 оны наймдугаар сард дуусах байсан. Уул уурхайн лиценз нь байгаа, хангалттай нөөц нь тогтоогдсон байсан энэ бол цэвэр 100 хувийн бизнесийн зээл юм гэлээ. 
Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдана. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)