Сүрнээгийн УЯНГА

 

Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 91 хувьд нь олгож, үлдсэн есөн хувийг хасахаар 2023 оны төсвийн хуульд тусгасан. Тодруулбал, сард 1.260.000 хүүхдэд мөнгө олгох бол 78000 өрхийн 113.000 хүүхэд хасагдахаар байгаа аж. Энэ дагуу өндөр орлоготой буюу 100 мянган төгрөг авах шаардлагагүй гэж үзсэн есөн хувийг “шүүлтүүрдэж”,  оны эхний хүүхдийн мөнгө олгох гэсэн боловч төрийн мэдээллийн алдаа олон нийтийг бухимдууллаа. Өрхүүд дээр хүүхдийн мэдээлэл зөрсөн, гэнэт үл хөдлөх хөрөнгө нэмэгдэж, хасагдсан бол харьяа дүүрэг, хороондоо цахимаар болон биечлэн оролцох юм. Мөн цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, гуравдугаар сарынхыг нөхөж өгнө гэж мэдэгдлээ.  

Хүүхдийн мөнгө тойрсон асуудлаар үдээс өмнө 10:00 цагт  ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэж холбогдох албаныхнаас тайлбар авч, үүний дараа ЗГХЭГ-ын дарга, холбогдох сайдуудын хамт мэдээлэл хийв. Төрийн тайлбарыг тоймлон хүргэж байна. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ ЁСТОЙ ӨРХИЙГ БҮРЭН ХАМРУУЛНА 

-Хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг арилгана. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна. 
Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна. 
 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 2023 ОНООС БОДЛОГЫН ШИЛЖИЛТ ХИЙЖ БАЙГАА

-Манай улс 3.3 сая хүн амтай. Насанд хүрсэн 2.1 сая иргэнтэйгээс 1.2 сая нь л байнгын идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг. Ийм учраас цаашид халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, байгаа халамжаа оновчтойгоор зорилтот бүлэгт хүргэх нь чухал. 2023 оноос бодлогын шилжилт хийж, хүүхдийн мөнгө бол халамжийн нэг төрөл гэж үзсэн. Хүүхдийн мөнгөөр дамжуулж, орлого нь унасан өрхүүдээ жигд дэмжих бодлого 2022 онд дууссан.  Иргэдийн бухимдал мэдээллийн давхардлаас болж үүссэн. Өөрсдийгөө нэг байшинтай гэж бодож байсан өрхүүд өмнө нь зарж борлуулж, бэлэглэсэн шилжилт хөдөлгөөнөө хийгээгүйн улмаас 2-3 үл хөдлөхтэй гэж бүртгэгдсэнээс өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ нь өндөр гарч ирсэн. Ингээд өндөр орлоготой гэж тооцох есөн хувь маань нэмэгдээд магадгүй 20-30 хувь болж, хүүхдийн мөнгө авах хүлээлттэй байсан өрхүүд авахгүй болж таарсан. Энэ бол өрхийн мэдээллийн сандаа цаг хугацаандаа шинэчлэл хийгээгүй, төрийн зүгээс хяналт тавиагүй бөгөөд иргэдэд сануулах, төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцох зэргээ сайжруулах шаардлагатайг харуулсан явдал. Алдаа, зөрүү, давхардал гарсныг Засгийн газар хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ хүлцэл өчиж байна.

 

 

ҮСХ-ын дарга Б.Батдаваа: ИРГЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ СОЛИХ БОЛОМЖГҮЙ 

-ҮСХ, ХНХЯ болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.
Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ. 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: ТӨР МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Төр иргэний зөвшөөрөлгүйгээр өөрт байгаа мэдээллийг ашиглахгүй гэдэг том зарчмыг барьж ажилладаг. Хүүхдийн мөнгөний асуудал дээр бол Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа хэрэг. Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлэхэд мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд том саад учруулж, ард иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчиж байна. E-Mongolia ч бай, e-halamj дээр ч бай хүн ажиллаж мэдээлэл боловсруулаагүй. Автоматаар төрд байгаа иргэдийн статистик мэдээлэл дээр суурилан хүрч байгаа. Таван хаягтай байгаа асуудал нь мэдээлэл солилцооны асуудал. Төр өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Мэдээллийн сангууд нь хоорондоо зөрүүтэй байгаагаас болж буй тул Засгийн газрын зүгээс цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулж байгаа. Төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийг хадгалж байгаа Үндэсний дата төвийг "cloud" үйлчилгээ үзүүлдэг болгох ажил явагдаж байна. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. 

 

ХНХ-ын  дэд сайд П.Зулпхар: ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ШУУРХАЙ ХҮРГҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

-Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын багийг ажиллуулж байна. Энэ дагуу иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байгаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр цахим хэлбэрээр хүсэлтүүдийг төрийн байгууллагад руу шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой мэдээллийг засах, шинэчлэх эрх нь иргэнд байдаг учраас энэ бол эрх зүйн харилцаагаар явагдана. Хэрвээ мөнгөн тэтгэмжид хамрагдахаар үнэлгээ гарч ирэх юм бол хүүхдийн мөнгийг нөхөн олгох ажлыг зохион байгуулна. Мэдээллийн алдаатай байдал хоёр талтай. Иргэдийн хувьд заримдаа мэдээллээ шинэчлээгүйгээс асуудал үүсч байна. Нөгөө талаар төрийн байгууллагууд тухай бүрт нь мэдээллийг шинэчлэх шаардлагатай.
Хүүхдийн мөнгө олгох журмаар аргачлалаас гадна мөнгөн тэтгэмж хэрхэн олгохыг зохицуулсан. Хэрэв тухайн өрхийн мэдээлэл алдаатай гэж үзвэл өрхөөс мэдээллээ засварлуулах хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тиймээс И-Монголиа руу хандах боломжгүй иргэд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн ажилтан дээр очиж мэдээллээ засварлуулах боломжтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)