НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжилд хөтлөх 17 зорилгод “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” асуудал багтсан билээ. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжилд тэмүүлж буй улс орны нэг. Тиймээс үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа хөтөлж, эмэгтэй манлайллыг  дэмжин ажиллаж байна. Энэ удаагийн буландаа  Монгол Улсын хэмжээнд цорын ганц эмэгтэй дүүргийн Засаг дарга буюу Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, цорын ганц эмэгтэй аймгийн Засаг дарга дарга буюу Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нарыг онцолж байна.  
 

Сөрөгч эмэгтэй

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн есөн дүүргээс ганцхан Сүхбаатар дүүрэг эмэгтэй Засаг даргатай.  Хөххүүгийн Болормаа 2016 оноос эхлэн тус дүүргийн удирдлагаар  найм дахь жилдээ ажиллаж байна.   Түүний ажилдаа баримталдаг зарчим нь “Урсгалаараа явсаар дараагийн ажилдаа томилогддог Засаг дарга байхыг хүсдэггүй.  Улмаар сэтгэл зүтгэлгүй Засаг даргад  хэдэн ч жилийн бүрэн эрхийн хугацаа байсан, хэдэн арван сургууль төгссөн, мэдлэгтэй байгаад ямар ч нэмэргүй. Төрийн ажилд зүтгэл гаргах нь хамгийн чухал гэсэн сэтгэлээр ажилдаа ханддаг ийм эмэгтэй.  Энэ л зарчмаараа тэрбээр Сүхбаатар дүүргийг найм дахь жилдээ удирдаж буй.  
Сүхбаатар дүүрэг бол төвийн дүүрэг. Банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгж олонтой.  Томоохон уул уурхайн байгууллагын оффис тус дүүрэгт байдаг.   Тэр ч утгаараа нийслэлийн төсвийн хамгийн их хөрөнгийг төвлөрүүлдэг дүүрэг.  Х.Болормаа Засаг даргын ажлыг авснаас хойш төсвийн бүрдүүлэлтээ байнга давуулан биелүүлж иржээ.  Анхандаа  нийслэлд гурван тэрбум орчим төвлөрүүлж байсан бол өнгөрсөн жилүүдэд 24-48 тэрбумаар яригдаж,  2023 оны төсөвт гэхэд 200 гаруй тэрбумыг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг манай Сүхбаатар дүүрэг дангаараа төвлөрүүлж байна. Энэ нь түүнийг нэлээд чамбай Засаг дарга болохыг илтгэх нэг үзүүлэлт юм. 
 Түүнчлэн НИТХ дээр тэрбээр сөрөг хүчний байр суурийг нэлээд хүчтэй илэрхийлдэг эмэгтэй.   Тус дүүрэгт улсын төсвөөр баригдаж байгаад гацсан гурван барилга бий.    Спорт цогцолборын барилга нь бүүр 11 жил болжээ. Жилийн жилд мөнгө тавьдаггүй биш тавьдаг.  Гэтэл нөгөө гүйцэтгэгч  компани нь ажлаа явуулдаггүй.  Муугаар хэлбэл төсвийн мөнгө угаах байдлаар олон жил болсон нь энэ жил Засаг даргын уурыг нэлээд барсан.  Энэ талаар тэрбээр “Иргэд маань Засаг даргаа  гээд спорт цогцолбороо яриад орж ирдэг. Би үнэхээр ичдэг.  Яг үнэндээ энэ 11 жил тэр спорт цогцолборыг харсаар хугацаа алдлаа.  Хүн чинь улсын төсвөөр баригдаж байгаа учраас ашиглалтад орчих болов уу гээд горьдоод байдаг юм байна.  Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд маань ч энэ асуудлаар шоу хийгээд бүүр сурчихлаа.  Гэтэл энэ дунд нь нөгөө л дүүргийн маань иргэд хохироод байна” гэдгийг онцолж байсан юм. 
 Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа одоогоор гэр бүл хүчирхийллийн асуудалд нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ асуудлын учгийг яаж барьж авах уу, юу хийх үү гэж байнга дотроо санаа чилээж явдаг хүний нэг.  Хөөгөөд бодохлоор хүчирхийллийн асуудал ердөө л эцэг эх, багш, хүүхэд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муу байгаагаас үүдэж байна гэж Засаг дарга үзжээ.  Тиймээс  Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын зүгээс “Эерэгээр нөлөөлье-1” аяныг ЕБС-иудад зохион байгуулжээ.  Энэ аяны хүрээнд үеийн тэнгийнхний дунд дээрэлхэлт маш  их байгааг, хүүхдийг өмч хөрөнгө, царай зүс, өмссөн зүүснээр нь хүртэл дээрэлхэж байгааг,  сурагчдын дунд электрон тамхины замбараагүй хэрэглээ их байгааг олж харж,  хүүхдийн хүмүүжил, хамгааллын чиглэлд Үндэсний том хөдөлгөөн өрнүүлж ажиллах санаачлага дэвшүүлэн ажиллаж байгаа Засаг дарга юм. 
Түүнээс эмэгтэйчүүдийн манлайллын тухай асуухад Засаг дарга  Х.Болормаа “Одоо цаг үед аль ч намд эмэгтэй манлайллыг дэмжих асуудал хангалттай биш байна.  Сүүлийн үед хөгжингүй орнуудын удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж байна.  Эмэгтэй хүн гэдэг өөрөө байгалиас заяасан торгон мэдрэмжтэй.  Эх хүн гэдэг аливаад энэрэнгүй, чин сэтгэлээсээ хандаж хайрлаж чадаж байна.  Үр хүүхэд, хань ижил, аав ээжээ хайрлан энэрнэ гэдэг маань цаагуураа эх орноо хайрлаж байгаатай агаар нэг юм.   Мөн мөнгө санхүү, авлигын  асуудалд ч эмэгтэйчүүд орооцолдоод байдаггүй.  Хүнийг хайрлаж өрөвдөх байгалиас заяасан өгөгдөл бий учраас аливааг бодож эргэцүүлдэг нь тэр асуудлаас хол байхад нь тодорхой хэмжээнд нөлөөлнө.  Тэгэхээр цаашид улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал үйл ажиллагааг усалж, дэмжих нь зүйтэй.   Төрийн байгууллагын удирдлагын багт ч эмэгтэйчүүдийн манлайлал бага байна. Эмэгтэйчүүдийн оролцоо дор хаяж, 35 хувьд хүрээсэй гэж боддог” гэлээ. 

 

 

Эмэгтэйчүүдэд “Мөс хагалсан” залуу манлайлагч 

 

С.УЯНГА

Энэ таван үгээр Э.Болормааг тодорхойлохыг хүслээ. Барууны өндөр боловсролтой. Дэлхийн хэмжээнд уригдаж, хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин Монголын баруун хязгаарт буйдхан аж төрж байгаа нь бидэнд хэдийнээ эчнээ танил болсон. Улс орны хөгжлийн бодлого, тэр дундаа орон нутгийг хөгжүүлэх их үйлсэд хөтлөгдөж сэтгэл зүтгэлээ зориулан яваа бүсгүйчүүдийн төлөөллийг “Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буландаа онцолж байна. 


Э.Болормаа АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гээд олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллаж чамгүй мэдлэг туршлага хуримтлуулжээ. Дэлхийн банкны анхны уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг батлахад оролцож,  13 тэрбум ам.долларын санхүүжилт босгох түүхэн ажилд оролцож, олон улсын төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулж, суралцсан. Тиймдээ ч хэдхэн жилийн өмнө Дэлхийн банкны анхны залуу манлайлагчдыг шалгаруулах хөтөлбөрт 14 мянган анкетаас шалгарсан арав гаруй хүний дунд багтаж, захирлын ажлын албанд нь ажиллаж байсан тэрбээр Бээжин хотноо Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банкинд анхны монгол ажилтан болоод удаагүй байхдаа нэг л өдөр тэр бүх боломж, урилгаасаа татгалзаад Монголдоо ирж байв. 


Сүүлийн арваад жил АНУ зэрэг өндөр хөгжилтэй их гүрнээс Африкийн хамгийн ядуу оронд хүртэл сурч, ажиллаж явсан залуухан эмэгтэй 2021 онд эх орондоо буцах томилолт өвөртөлсөн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхийн алба байв. Үүнээс хойшхи хоёр жил шахам хугацаанд ажил албаны онцлогтой холбоотойгоор ил гарахгүй байнга л арын фронтод “давшихдаа” гар, сэтгэл нийлсэн залуустай Монгол Улсын дараагийн 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг бичилцсэн юм. Ингэж л хөгжлийн бодлого гэхээр л гадны зөвлөхүүдийн гарыг харж, толгойг “ашигладаг” байсан сэтгэлгээг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын багийн залуус халж чаджээ. Монголын ирээдүйн хөгжлийг томъёолохдоо “Улсын хөгжлийг хязгаарлагч чөдөр тушаа нь төр өөрөө юм” хэмээн зоригтой дуугарч чадсан, тэр хэрээр өөрчлөлтийг түүчээлэгч манлайлагчдын нэг нь Э.Болормаа зөвлөх байв. Харин түүний Монголдоо ирснээс хойшхи хоёр дахь нүүдэл нь  Монголын баруун хязгаар олон үндэстний өлгий нутаг Ховд аймгийг удирдах хариуцлагатай томилгоо байв. Монгол Улсдаа орон нутгийн анхны эмэгтэй удирдлагаар ажиллах нь Э.Болормаагийн өөрийнх нь ч хувьд, өрөөл бусдад ч “өндөр” сорилт байсан биз. Дэлхийн хэмжээний боломжоос татгалзаж аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах болсноо “Хөгжлийн бодлогын мэргэжлээрээ ажиллах боломж гэж харж байгаа. Хаана шийдэж болох асуудал байна, тийшээ явах нь сонирхолтой. Өөрийн амьдралын ая тухыг чухалчлахаас илүү ажлаасаа үр дүн гаргах нь сайхан. Яагаад бид хот руу чиглээд байгаа. Хөдөө сайхан амьдрах хүсэлтэй залуусын цуваа орон нутгийг зорих болсон. Энэ нүүдэлд би залуу хүний хувьд дэм болсон болов уу гэж найдаж байгаа” гэж хэлсэн. 


Үндсэндээ, Ховд аймагт шинэ сэргэлтийг авчрах шинэ мөрөөдөлтэй болоод байгаа залуухан эмэгтэй Засаг дарга өөрийн гар бие оролцсон ажлаа гардан гүйцэтгэх зорилт тавин баруун хязгаарыг зорьсон нь энэ. Түүний өнөөгийн ажил, цаашдын амбиц, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж буйг сонирхохоос илүү жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлалд жим гаргасан. Жим ч биш тод зам гаргасан түүхийг илүүтэй тодруулмаар. Учир нь тэр бол улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэдлэг туршлагаа зориулах хүсэлтэй мянга мянган монгол эмэгтэйчүүдийн өмнөх “мөсийг хагалж”, хүссэн ч  зориглохгүй ухарч байсан бүсгүйчүүдэд урам зориг, итгэл найдвар, эрч хүч өгсөн юм. Дарга гэхээр л пиджак, зангиатай эрэгтэй дүрээр төсөөлж ирсэн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүд ч мэдлэг чадвар, туршлагатай бол шийдвэр гаргах түвшинд үр нөлөөтэй ажиллаж болдгийг үлгэрлэж явна. Харин үүний тулд өөр рүү нь ирсэн тэсвэрлэхэд бэрх шүүмж, доромжлолыг огтхон ч нугарахгүйгээр давж гарсан. Магадгүй хэр баргийн хүн тэр их дайралт, давшилтыг дааж гарахад хүнд. Энэ бүхний эцэст эмэгтэйчүүдийн манлайлалд тэр яах аргагүй “мөс хагалж”, зам гаргасан гавьяатай. Энэ нийгэмд эмэгтэйчүүд бидэнд ямар их бэрхшээл тулгардгийг, хувь хүний амьдралыг яаж оруулж ирж байгааг хангалттай харцгаалаа. Магадгүй би ажлаа сайн хийхгүй, амжилттай байж чадахгүй бол олон хүний боломжийг хаах вий. Эмэгтэйчүүд Засаг дарга хийж чадах юм байна, байх ёстой ч юм байна гэж харуулах үүрэгтэй байтал чадахгүй байх вий дээ гэж их эмээдэг гэж тэр ярьсан.


Харин орон нутагт шинэ сэргэлтийг эхлүүлэх ажлаа Эрдэнэсүрэнгийн УЦС, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтаар эхэлж буйгаа 2023 оны эхэнд амбицтай зарлалаа. Хэвлэлд ярихдаа “Ховд аймагт шийдэх асуудал олон бий. Мэдээж бидэнд төсөв мөнгө шаардсан асуудал их. Сэтгэл зүтгэл гаргаад зохион байгуулалтад ороод шийдэх асуудлууд ч бий. Эрдэнэбүрэнгийн УЦС ойрын үед ашиглалтад орсноор Ховд аймаг Монгол Улсад төдийгүй дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлэх газар болж чадна” гэсэн. Харин их сэргэлтийн эхлэл болгож ирэх долоо хоногт хөрөнгө оруулалт боловсон хүчинг татах "InvestKhovd" чуулганыг хийж, араас нь “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг Хар ус нуурын эрэг дээр зохион байгуулж 21 аймгаас анхдагч болж орон нутгийн хөгжилд тэсрэлт хийх нь ээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)