З.Батцэцэг

 

Баян орнууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орнуудад дасан зохицохын тулд 100 тэрбум ам.доллар хуваарилах ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш даваа гарагт мэдэгдэв.
"Хөгжсөн орнууд дасан зохицох санхүүжилтийг давхар хэрэгжүүлэх амлалтаа биелүүлж, 100 тэрбум ам.долларын зорилтод яаралтай, цаг алдалгүй хүрэх ёстой" гэж Женевт болсон Пакистанд үзүүлэх тусламжийн олон улсын бага хурлын үеэр хэлэв.


А.Гутерриш дэлхийн санхүүгийн бүтэц, ялангуяа олон талт хөгжлийн банкуудыг шинэчлэхийг дахин уриаллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн таван жилийн дотор дэлхий даяарх хүн бүр цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэх системтэй болохын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалж байна.


Пакистан болон НҮБ Даваа гарагт Женевт томоохон хурал хийж, үерийн гамшигт нэрвэгдсэн улс орныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Пакистанд 2022 оны зургадугаар сард эхэлсэн муссон бороо, үерийн улмаас 1.6 мянга гаруй хүн амиа алдаж, 12 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Нийтдээ 33 сая гаруй хүн үерт нэрвэгдсэн байна. Балучистан, Хайбер-Пахтунхва, Синд мужуудад болсон үерийн улмаас хамгийн их хохирол учирчээ. Хамгийн багадаа хоёр сая байшин эвдэрч, нэг сая гаруй мал хорогдсон байна. Пакистаны эрх баригчид онц байдал зарлаж, бусад улс орон, олон улсын байгууллагуудыг бүх талын тусламж үзүүлэхийг уриалсан. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)