Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Орон сууцны ипотекийн зээлээ 32 сарын турш хойшлуулсан иргэд энэ сараас төлж эхэлнэ. Тухайлбал, ипотекийн зээлд хамрагдсан 65 мянга 410 зээлдэгч байгаагаас 44.659 буюу 68.3 хувь нь 200-600 мянган төгрөгийг банканд төлдөг. Харин 28.3 хувь нь сард 600-1.2 сая төгрөг төлдөг байна. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь цалингийн орлоготой иргэд байдаг аж. Тэгвэл энд онд ипотекийн зээлээ төлөх иргэд дараах дөрвөн зүйлийг шалгаж, баталгаажуулах хэрэгтэй юм байна.
БАНКТАЙГАА ХОЛБОГДОЖ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛНЭ
Цар тахлын хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулсан бол төлбөр хойшлуулалт гэрээгээр баталгаажсан эсэхийг нягтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан зээлдэгч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн эсэхийг зээл авсан банктайгаа холбогдож лавлана гэсэн үг. Хэрэв зээлийн төлбөр хойшлуулалт гэрээгээр баталгаажаагүй бол зээл авсан банкандаа зээлийн гэрээ болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж баталгаажуулна. Ийнхүү зээлийн гэрээгээ шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг суутгах юм байна.
ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛСАН Ч ТӨЛЖ БАЙСАН БОЛ ҮНИЙН ДҮН БУУРНА
Ипотекийн зээлээ хойшлуулсан ч өнгөрсөн хугацаанд их бага хэмжээгээр төлж байсан бол үндсэн дүн буурна. Гэхдээ харилцагч банкны бүртгэлийн системээс хамаарч, нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хийгдэх зээлийн төлөлтөд дараах нөлөө гарна. Тодруулбал, зарим банкны хувьд урьдчилан төлөлт хийгдсэнтэй холбоотой дараагийн зээлийн график автоматаар өөрчлөгддөг тул зээлийн сарын төлөлт өөрчлөгдөхгүй хугацаа богиноссон байна.
Хэрэв зээлийн хугацааг богиносгохгүйгээр илүү төлсөн хэмжээгээр сарын төлөлтийг бууруулах хүсэлтэй бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Зарим банкны хувьд урьдчилан төлөлт нь дараагийн саруудын үндсэн зээлийн төлөлтөд тооцогдож, нэгдүгээр сарын 1-ээс төлөх зээл зөвхөн хүүгийн төлөлт татагдах юм. Хэрэв дараа саруудын төлөлтөд үндсэн төлбөрөө төлөх сонирхолтой бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн иргэд илүү төлөлт хийснээр дараагийн сар зээл төлөх шаардлагагүй гэж андуурах явдал гардаг. Ингэснээр зээлийн хүүгийн төлбөрийн зөрчил үүсэх нөхцөл болдог байна. Тимээс ямар ч тохиолдолд банктайгаа холбогдон тодруулах нь зөв байх нь ээ.
ЗЭЭЛИЙН ДААТГАЛАА ЖИЛ БҮР СУНГАНА
Ипотекийн зээлийн нэг шалгуур нь зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах байдаг. Тиймээс ипотекийн зээлийн даатгалаа банкаараа дамжуулан жил бүр сунгах шаардлагатай болдог. Ипотекийн зээлийн даатгалын төлбөрийг дараах хоёр төрлөөр хийж, даатгалд хамрагдах болон сунгалтыг хийх боломжтой. Банк зээлийн төлбөрийн хуваарьт даатгалын төлбөрийг давхар тусгаснаар сар бүр төлөх зээлийн төлбөртэй хамт зээлдэгч даатгалын төлбөрөө төлнө. Төлбөр хийгдэхэд төлбөр болон даатгалын төлбөр гэсэн тусдаа гүйлгээний утга харагдана. Зээлдэгч банкны салбарт биеэр очиж тухайн жилийн даатгалын төлбөрийг нэг дор төлж, даатгалын сунгалт хийлгэж болно.
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ТАТАГДААГҮЙ БОЛ ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Ипотекийн зээл хойшлуулахаас өмнө сар бүрийн тодорхой өдөр зээлээ төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын тухайн өдөр таны зээлийн төлбөр татагддаг дансанд зээлийн төлбөр байршсан байх шаардлагатай. Хэрэв тухайн өдөр таны данснаас мөнгө татагдаагүй буюу зээл төлөгдөөгүй нөхцөлд төлбөрөө зээлийн данс руугаа шилжүүлэх шаардлагатай. Мөн харилцагч банкандаа хандаж автоматаар татуулах тохиргоог хийлгэх юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)