Б.Дамдин-Очир

 

Шинэ он гарсаар Монголд авлигын хэргүүд ар араасаа “дэлбэрч”, улстөрчид тогтолцооны өөрчлөлт бэлдэж эхэллээ. Зэрэгцээд, Сингапурт болж буй монголчуудын уулзалтын талаарх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр яригдав. Тэр уулзалт анхаарал татахаас аргагүй аж.
Учир нь 2023 он гарахаас 14 хоногийн өмнө БНСУ-ыг зорьсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга он солигдох үеэр Сингапурт очжээ. Тэнд түүний оролцсон томоохон уулзалтууд болсон гэх мэдээлэл байна. 
Х.Баттулгын хувьд 2021 оны сүүлчээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон. Түүнийг “...“Пирамид орд” хэмээх найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон компанийн зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг барьцаалсан гэж буруутгасан. Гэхдээ хууль хяналтын байгууллага, тодруулбал, Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй АТГ-аас сэжигтэн, яллагдагчаар татаагүй юм.


Тэгвэл 2022 онд тэрбээр нүүрсний хулгайд бас холбогдчихсон. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс уг асуудалд холбоотой байж болзошгүй хэмээн зарласан 17 хүний нэг нь Х.Баттулга болсон. Энэ талаараа 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. АТГ-ынхан түүнээс гурван цаг орчим мэдүүлэг аваад, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Гэвч Х.Баттулга “...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье” гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна. Улмаар гурав хоногийн дараа БНСУ руу ниссэн байдаг. Түүнийг ингээд яваад өгсний дараа янз бүрийн таамаг яригдсан. Голдуу “...Х.Баттулга зугтчихлаа” гэсэн. Харин маргааш нь АТГ-ын эх сурвалж “...Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан. Тэрбээр БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөсөн байсан хагалгаанд орохоор явсан. Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн” гэж тайлбарласан. 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа “...Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тодорхой хэд хэдэн асуудал дээр дуудаж, тайлбар авсан. Хэрэв яллагдагчаар татагдсан тохиолдолд мэдэгдэлгүй хилээр гарсан бол асуудал үүснэ. Одоогоор эл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Хэрэв хэрэг шүүхэд шилжих үед тэр хүн байхгүй байвал оргосон гэж үзнэ” гэсэн байдаг. 


Түүнчлэн “өөрийнх нь” АН-аас “...“Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй. Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг АН-аас мэдэгдэж байна” гэсэн мэдээлэл гаргасан.


Ийн “...БНСУ руу явсан” гэх хууль хяналтын хийгээд улс төрийн байгууллагын тайлбартайгаар эх орноосоо “ниссэн” Х.Баттулга цаашаа Сингапурт очжээ. Анхаарч сонирхоод байгаа шалтгаан нь түүнийг Сингапурт очих үеэр нүүрсний хулгайд шууд болоод дам холбогдсон нэр бүхий хүмүүс бас хүрэлцэн очсон байгаа юм. Бас АН-ын хуучин лидерүүдээс ч гэр бүлээ дагуулаад очжээ. 


Яг одоо монголчууд нүүрсний хулгайн хэргийг хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгийг “нүд цавчилгүй” харж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор төмөр замынхны асуудал ч бас босч ирлээ. Эхнээсээ саатуулагдаад байна. Гэхдээ шүүх байгууллага уг хэрэгт тун “хөшүүн” хандаж, засагтай “заамдалцаад” авсан нь бараг ил боллоо. Нийтээрээ л шүүхийг буруутгаж байна. 


Гэтэл уг хэргийн “гол холбогдогч” гэгдээд байгаа Х.Баттулга Сингапурт өөртэйгээ ижил “зовлон”-той нөхөдтэй уулзлаа гэх мэдээлэл гарсанд олон нийт таатай хандахгүй байна. Ерөнхийдөө тэнд цугласан хүмүүсээс Монголын хууль хяналтынхны мөрдөж, шалгаад “махаа идэж “ байгаа нүүрсний хулгайн хэргийн хувь заяа шалтгаална. Тэр утгаараа Сингапурт цуглагсад үтэр түргэн эх орондоо ирэх учиртай юм.


Түүнчлэн улс төрийн намын задралын байж болох хамгийн доод түвшинд хүрсэн АН энэ өдрүүдэд “...Эвлэрнэ” гээд үе үе уулзацгаах болсон. Х.Баттулгын хэмээх АН-ын хувьд энэ эвлэрэлд төдийлэн оройлохгүй байгаа ч тусдаа тун идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ тэдний АН-тай холбоотой яриа нь АН-ын биш ч Х.Баттулга нарын хувь заяатай шууд холбоотой нь тодорхой юм байна. Учир мэдэх хүмүүсийн ярих нь, “...Х.Баттулга ойрын үед Монголд ирэхгүй. Тэрбээр дараагийн сонгууль хэзээ товлогдоно, тэрийг дөхүүлж байгаад ирнэ. Ирээд өөрийнхөө АН-аар улс төрийн хамгаалалт хийнэ” гэж байна. Үнэн худалд нь бүү мэд. Гэхдээ ортой л “таамаг” аж. 
Товчхондоо, Сингапурт нүүрсний хулгай хийгээд АН-тай холбоотой зүйлүүд яригдаж байгаа бололтой. Тиймээс Х.Баттулга нарын Сингапур дахь уулзалт Монголд яаж “буух” вэ гэдэг сонин байна. Ер нь бол хууль хяналтынхан нүүрсний хулгайг Х.Баттулгагүйгээр шалгаж, АН-ынхан дотоод асуудлаа түүнгүйгээр шийдэх хэрэгтэй бололтой. Хэрвээ Х.Баттулгыг хүлээвэл аль аль нь гацаанд орж мэдэх л юм байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)