Төмөрбаатарын БАТСАЙХАН
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 13.30 цагт Төрийн ордонд хуралдаж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дэд дарга болон гурван сайд, таван дэд сайдыг дэмжиж, Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШАДАР САЙДТАЙ БОЛОВ
УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилохыг дэмжив. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Засгийн газар Шадар сайд гэсэн хоёр статустай болж байгаа бөгөөд Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг томилохыг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ. МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна. Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан учраас сайдад дэмжлээ” гэдгийг тодотгож байлаа.
ТАВАН ДЭД САЙДЫГ ТОМИЛЛОО
Эрүүл мэндийн дэд сайдаар хуучин сайд С.Энхболдыг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг, УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв. Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар томилсон учраас ийнхүү түүний оронд О.Цэндсүрэнг томилохыг Удирдах зөвлөлөөс дэмжсэн байна.
Ийнхүү Удирдах зөвлөл нэгэнт шийдвэрээ гаргасан учраас өчигдөр 16.30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлав. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжиж, УИХ-д тангараг өргүүлэхээр болов.
Л.Оюун:Эрдэнэ: БҮХ АШИГ СОНИРХЛООС АНГИД БАЙХ ХУУЛИЙГ ХАМТДАА ХЭЛЭЛЦЭНЭ
Өчигдөр 17.30 цагийн үед шинээр томилогдсон сайд нар парламентад тангараг өргөлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Энэ хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгон зарлаж, цахимжуулна. Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд, "Болгоомжтой байгаарай". Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй. Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Үүний цаана байгаа улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй.
Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо болиорой. Бүгдийг нь зарлана гэж бодож байгаа. Энэ асуудлуудыг цэгцэлнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд бид өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Та бүхэн дэмжиж баталж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Энэ бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын зарчим болж очих ёстой. Ингээд бүх юм цэгцэрнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнтэй наах нь чухал биш. Цоо шинэ 30 жилийг эхлүүлэх нь л бидний хамгийн чухал зүйл шүү" гэдгийг онцолж байлаа.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАРТ ГИШҮҮД ҮГ ДАЙВ
Мөн УИХ-ын гишүүд шинээр томилогдсон сайд нарт хандаж үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
–Засгийн газар тогтоол гаргадаг боловч боомтууд дээр хэрэгждэггүй. Боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд бид боомтын хөгжлийг хаяж ирсэн учраас өнөөдөр янз бүрийн асуудлууд тэнд гарч байна. Тиймээс Х.Булгантуяа сайд энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллах байх. Агаарын зам дээр дэвшилт гарсан. Нүүрсний боомтуудаа хурдан зохицуул. Хэдэн ханлигууд барьцаалчихсан байна. Тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо цогцоор нь оруулж ирээрэй. Бид нар дэмжих болно. С.Чинзориг гишүүнд хэлэхэд сайн дурын эрүүл мэндийн даатгал дээр сайн анхаараарай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ сайн дэмжээрэй.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
–Би 35 жил эрүүл мэндийн салбарт ажиллахад 22-23 сайд солигджээ. Зургаа нь мэргэжлийн бус байлаа. Сайн, муу ч бий. С.Чинзориг сайдыг дэмжээд ажиллана гэж бодож байна. Хөдөөний эмнэлгүүдийг анхаараарай. Тоног төхөөрөмж, боловсон хүчин байхгүй байна гэж байна. Ерөнхий сайдаа сүлжээгээ хоёр дахин нэмчихвэл боломж байна. Цалин нэмэх боломж байна. Та үүнийг анхааралдаа аваач. Дараа нь эмийн үнэ өндөр байна. Янз бүрийн эм орж ирж байна. Улсын аюулгүй байдлын үүднээс энэ эмнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Хил гааль, боомт дээр чөлөөт бүс дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайд аа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Ц.Даваасүрэн гишүүн бусад гишүүд рүүгээ дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан бэ. Нэг ч шинэ цахилгаан станц бид барьсангүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн шүү дээ. Эрчим хүчний олон төслийг гацаасан. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)