Төмөрбаатарын БАТСАЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?
-Манай яамнаас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд улстөрчид, төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд ЖДҮ-г дэмжих сан, Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн хэрэгтэй нэр холбогдож байна. Энэ ашиг сонирхлын зөрчил нь ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Тэгэхээр эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг энэ хуулиар шинэчлэн тогтооё. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг маш тодорхой тусгаж өгөх агуулгаар, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, улс төрийн үйл ажиллагаа эрхэлж, нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний дээд, доод хүрээ хязгаарыг тогтооход уг хуулийн төсөл томоохон ач холбогдолтой гэж үзсэн. Мөн сүүлийн үед олон улсад улс төрд нөлөө бүхий этгээдүүдийнхээ үйл ажиллагааг хэрхэн томъёолж ирсэн туршлагыг мөн судалж, тусгаснаар дээрх хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна.
-Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээдийг хэрхэн тодорхойлж, эрх үүргийн хүрээ хязгаарыг яаж тусгасан бэ?
-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тодорхойллоо. Бусад эрх бүхий албан тушаалтнууд мөн л ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулагдаад явах юм. Эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Улс төрд нөлөө бүхий зарим этгээд, тэдний хамаарал бүхий хүмүүс төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендэр сонгон шалгаруулалтад оролцохыг хориглож байгаа.
-Тухайн хүний эрхийг зөрчиж байгаа асуудал үүсэхгүй юу. Үндсэн хуулийн цэц дээр очиж унах магадлал бий юу?
-Хуулийн төслийг боловсруулах явцдаа гадны улс орнуудын туршлагыг судалсан. Ази, Европ, Булангийн орнуудын жишээ байна. Тэдэнд бүгд л дээрх төрлийн хязгаарлалтууд байна. Бид Үндсэн хуульд тусгасан хүний эрхийн суурь зарчмыг тодорхойлохдоо 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны хүний эрхийн суурь зарчимд нэгдэж орсон орны хувьд хүний эрхийн суурь зарчмаа тодорхойлсон. Дээрх туршлага судалсан орнуудын хувьд ч хүний эрхийн суурь зарчимтай. Түүндээ харшлахгүй хэмээн дээрх хязгаарлалтуудыг хийж өгсөн байна. Эрхээ хязгаарлуулах эсэх нь тэр хүний сонголт байдлаар хуулийн төсөлд тусгасан учраас Үндсэн хуультай харшлах зүйлгүй хэмээн үзэж байна. Үүнийг хүний аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд халдаж байгаа гэж ойлгож болохгүй. Тухайн хүн аж ахуйтай байж болно. Тэр нь ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй. Гагцхүү өөрөө улс төрд нөлөө бүхий албан тушаалд томилогдохоосоо өмнө энэ сонголтыг хийж, энэ хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгаа гаргасны үндсэн дээр тэрхүү албан тушаалд томилогдох эрхээ эдэлнэ.
-Нүүрсний хулгайн хэргийг шалгах явц ямар байгаа вэ?
-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, тодорхой албан тушаалтнууд тэдний хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татаж, хойшлуулашгүй цагдан хорьж, зарим хүний хорих хугацааг сунгаж байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нэлээд өргөн хүрээнд явж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)