Б.ДАМДИН-ОЧИР
Нүүрсний хулгай ил далд яригддаг л байв. Олон ч жил болсон. Энэ нь Тавантолгойн нүүрсийг худалдах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрөл бүрийн гэрээ, цаашлаад тээвэрлэлттэй холбоотой асуудал л даа. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэг хэрэгт хамаарах Мөргөцгийн хэрэг, төмөр замын хэрэг, С зөвшөөрлийн хэрэг мэт байсгээд л хууль шүүхийн байгууллага дээр очиж байсан. Нэлээд нь мөрдөх байгууллага, прокурорын шатанд гацаж, нэг хэсэг нь шүүхээр шийдэгдсэн. Иймэрхүү л байдалтай явж ирсэн.
Гэхдээ нүүрсний хэргийг яг ингэж багцлаад, ажил хэрэг болгоод барьж авсан субьект, тэр дотроо ямар ч Засгийн газар байгаагүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд “...Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн. Ингэхдээ их ноцтой үг хэлсэн байдаг. Тэрбээр “...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан. Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ” гэсэн. Энэ нь тэр үед ихээхэн шуугиан тарьсан. Гэхдээ олон нийтэд “...Нүүрсний хулгай илрээсэй, байхгүй болоосой” гэсэн хүсэл байсан ч Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг “...Популизм хийж байна” л гэж ойлгосон. Тэгсгээд намжсан.
Тэгтэл Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. За ер нь, нүүрсний хулгай ингээд л олны өмнө гарч ирсэн дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайч нар ч тал талд уулзалдах зэргээр хөдөлгөөнд орж эхэлсэн.
Одоогоос 20-иод хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний ням гаригт нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхэлсэн. Тэд нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг шаардсан. Энэ зөв. Угаасаа тэгж байж хулгай зогсож, хулгайч төрөөс явах ёстой юм. Гэсэн ч жагсаалын хоёр дахь өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагууд, ЕТГ-ын дарга байсан хүмүүстэй нийлж оюутнуудыг, “партизан”-уудыг олноор нь нийлүүлсэн байдаг. Тэр жагсагчид “...Засгийн газар огцор” хэмээж байсан юм. Ийм жагсаал хоёр хоног үргэлжилж, улмаар зохион байгуулсан этгээдүүд нь баригдсан. Оюутнууд ч сургууль руугаа явсан.
Жагсаалын дөрөв дэх өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзсан. Тэрбээр “...Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой” гэсэн.
Түүнчлэн нүүрсний хулгай тойрсон бужигнаан эхлэх үед энэ хэргийг шалгах АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүний, 9-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг, 18-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд нарыг саатуулсан. Мөн энэ сарын 12-нд АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан. Тэнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр нар багтсан. Тэднээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар авахаар болсон гэх мэдээлэл бий.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын үеэр эрх баригчид эрх зүйн нэг том өөрчлөлтийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах төслийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталсан. Ингэснээр өмнө нь хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөн ялаар “өршөөгдөж” ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгсэд хатуухан шийтгүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ ийм хэрэгт холбогдсон хүмүүст уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж албажих хүртэл өмнөх хуулиар шийтгүүлэх хэдхэн хоногийн боломж бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд ингэж шийдүүлэхээр мэдүүлгээ өгч байгаа аж.
Бас эрх баригчид нүүрсний хулгайгаар Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр товлосон. Тэр нь уржигдар болсон. Гэвч Төрийн ордонд уг үйл ажиллагаа эхлэх үед нам, нутаг нь тодорхой нөхдүүд үймээн дэгдээж, гадаа жагсагчдын дунд үл таних хүмүүс орж нүцгэлэв. Энэ нь Ерөнхий хяналтын сонсголоос бодитой мэдээллийг сонсохоор хүлээж байсан олны бухимдлыг ч төрүүлээд авсан. Тэгвэл үүнд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбогдож болзошгүй болсон. Уг үйл явдлын талаарх хууль хяналтынхны мэдээллээр түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл үүссэн байна. Үүнээс гадна Сүхбаатарын талбай дээр нүцгэн хүмүүс суулгах ажлыг зохион байгуулсан гэх Э гэдэг эмэгтэйн тухай нэлээд яригдаж байна. Тэрбээр өмнө нь АТГ, ТЕГ, Татварын ерөнхий газарт, одоо “АПУ” ХК-д ажилладаг. Баригдах үедээ бүх нотлох баримтаа устгасан ч хууль хяналтынхан гар утасных нь мэдээллийг сэргээх зэргээр маш ноцтой баримтуудыг олж авсан байна. Мөн түүнийг ТЕГ-ын дарга асан эрхэмтэй холбоотой гэх мэдээлэл байгаа юм.
Нэгэнт ингэж хүчээ авсан нүүрсний хулгайгаас улс төрийн намууд “зай”-гаа авч байна. “...Нүүрсний хулгайчийг хамгаалахгүй, харин эсэргүүцнэ” хэмээж буй юм. МАН-ын дарга нь “...Яваад шалгуулаад ир. Нам хамгаалахгүй” гэсэн бол АН-ын С.Эрдэнэ “...Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалүтнуудыг нам харгалзахгүй шалгаж, гэм бурууг нь тогтоон хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв. Харин Х.Баттулгын АН өөр байр суурьтай байгаа юм. Түүнийг нь нийтээрээ харж байна. АН-ынхан нь “..Хайран туг, сүлд минь” хэмээн халаглаж л харагдана лээ.
Ингээд нүүрсний хулгайн асуудалд холбогдсон хүмүүст олон нийтийн ч, улс төрийн ч дэмжлэг байхгүй болж байгаа юм. Гэвч жагсаал цуглааныг өөр тийш эргүүлэх, олон нийтийн арга хэмжээг бужигнуулах зэргээр зогсолтгүй ажиллаж байна. Учир мэдэх хүмүүс “...Үхэхдээ үхэр буугаа тавьж байна” гэх аж.
Нөгөөтэйгүүр, энэ хэрэг улс төрийн жүжиг үү, эрх баригчид, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн үнэхээрийн зорилго уу гэдэг асуулт нийгэмд тавигдаж байна. Ямартай ч эх сурвалжууд Л.Оюун-Эрдэнийн сүүлд УИХ-д хэлсэн үгийг “...Үнэнээ хэлжээ” хэмээж байна. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд “...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ” гэсэн юм.
Харин нөгөө талд нүүрсний хулгайг бүрдүүлж буй зарим томоохон хэрэг “жонхуурах” тал руугаа орчих шиг боллоо. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухай” чиглэлийн төмөр замыг барихдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг алдагдалд оруулсан гэх асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан нарыг буруутгаж байгаа юм. Тэгтэл өнгөрснө долоо хоногийн пүрэв гаригт АТГ-т очиж тайлбар өгсөн Х.Баттулга ням гаригийн өглөөгүүр Солонгос руу нисээд явчихсан. Тэрбээр АТГ-ынхан тайлбар авчихаад яллагдагчаар татах тогтоол танилцуулахад “...2-3 асуудалд хариулах боломжгүй байна. Асууж, сэргээж санаж байгаад эргэж ирье. Тэгээд хариулъя. Тэгэхдээ энэ тогтоолд гарын үсэг зурна” гээд гарсан гэдэг. Маргааш нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Бодь”-ийн Д.Баясгалан хэвлэлийнхэнд хандсан. Тэр үеэрээ “...Манайхыг “Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн шийдвэрээр л сонгосон. Энэ төслийг, төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэчихэв. Ингэж Д.Баясгалан “...Уг асуудлын эзэн” гээд тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар руу заачихав. Бас гүйцэтгэлийг “...“Тавантолгой төмөр зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай л ярь” гэчихэж байгаа юм. Гэтэл тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал хоёр гадаад руу явчихсан байдаг. Нэг л “жонхуурах” тал руугаа орчихсон. Бас Мөргөцгийн хэрэг гэж олон жил болсон ужиг хэрэг бий. АН-ын ч, МАН-ын ч гишүүнчлэлтэй нөхдүүд холбогдоно. Энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бараг нотлогдсон гэх мэдээлэл байна. За тэгээд, одоо шалгагдаж байгаа хэргүүд олон бий. Удахгүй шинээр тээвэрлэлт, хөрс хуулалттай холбоотой нүүрсний хулгай дэлбэрнэ. АТҮТ-ийн Б.Гүрсоронзонгийн С зөвшөөрлийн асуудал гээд хөвөрнө. Ийм байдлаар нүүрсний хулгай лав л ирэх хаваржин үргэлжилнэ. Хууль хяналтынхан бол энэ нүүрсний хулгайн ард гарах итгэл үнэмшилтэй л ажиллаж байгаа харагдана. Харин олон нийт шахалт шаардлагаа зогсоож, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчид байр сууриасаа ухарчихвал нүүрсний хулгай “жонхуу” болоод л дуусна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)