Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Start-Up” буландаа “Эко гар утасны тавиур” компанийн захирал Б.Батзоригийг урьж ярилцлаа.
-Богино хугацаанд олонд танигдаж, амжилттай ажиллаж байгаа компаниудын нэг. Тэгвэл анх гар утасны тавиур хийе гэдэг санаа хэрхэн төрсөн бэ?
-Би 15 настайгаасаа мужаанаар ажилласан. Энэ мэргэжил сонирхолтой санагдаж, дунд сургуулиа төгсөөд Дорнод аймгийн МСҮТ-д элсэж мужаан мэргэжлийг эзэмшиж байв. 2009 онд “Цагаан шонхор”-ын модны үйлдвэрт, 2010-2015 оны хооронд “Залуу хас” компанид мужаан хийж байсан. 2015 онд “Залуу хас” компани орон нутагт үйл ажиллагаа явуулахаар болсон. Харин миний хувьд орон нутагт ажиллах боломжгүй байсан учраас ажлаасаа гарсан. Ингээд гарч дуудлагын мужаан хийх болсон. Энэ үед дуудлагаар очсон айл маань тавилга хийлгэх санал тавьсан. Би ч саналыг хүлээн авч 100 айл дээр хэмжээний дагуу тавилгыг нь зүсүүлж аваад угсарч өгч байсан. Энэ цагаас өөрийн гэсэн үйлдвэртэй болох мөрөөдөл маань эхэлж байлаа.
Ямар ч зүйл хийсэн хаягдал материал ихээр гардаг. Энэ материалаар юу хийж болох вэ гэж үргэлж боддог байсан. Ингээд гар утасны тавиур хийвэл болох юм байна гэж болсон. Гэтэл хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн. 2017 онд 100 айлд тавилгын жижиг үйлдвэртэй болж, хаягдал материалаар нь гар утасны тавиур хийдэг байсан.
-Таны хувьд Чингисийн хүрээгийн гэрийг барихад ажилласан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Гиннесийн амжилтад бүртгэгдсэн “Чингисийн хүрээ” амралтын 32 ханатай гэрийг барихад мужаанаар ажилласан. Мөн тамирчдын модон саун, хаусны модон шат, монгол гэр хийдэг байсан.
-Таныг эхнэрийнхээ эмчилгээнд зориулж уйгагүй хөдөлмөрлөдөг гэж сонслоо. Бизнес хийхээ больё гэж бодож байв уу?
-Өнөөдрийг хүртэл уналт, босолт олон зүйлийг туулж ирлээ. Гэхдээ хайртай хүнийхээ төлөө байсан. 2017 онд манай эхнэрийн цусан дахь кали нь багасаад булчин суларч өвдсөн. Гэвч түүнийг оношилж чадалгүй удсан. Арай гэж онош нь зөв гарсан ч цусан дахь калийг нь нөхөж чадахгүй байсан. Найдваргүй гээд эхнэртэйгээ хоёр ч удаа салах ёс хийж байсан. 2018 оны сүүлээр Бээжинд очиж эмчлүүлэхээр явсан. Ингэхдээ бид байшин сав, үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байр, машинаа зарахаас гадна хүмүүсээс хандив цуглуулаад явсан. Эмчилгээ сайн авсан ч бас л бүрэн эдгэх боломжгүй гэсэн оноштой ирсэн. Гэхдээ эхнэр маань хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргээд өгдөг болсон. Яг энэ үед эхнэрээ сэтгэл санаагаар дэмжихээс гадна мөнгө олох шаардлагатай болсон. 2019 оны нэгдүгээр сараас 100 айл дээр тоног төхөөрөмж, ажлын байрыг түрээслэн дахин шинээр эхэлсэн. Энэ үед Германы Засгийн газрын санхүүжилттэй JIZ компанийн төсөлд оролцсон. Инновац шингэсэн төслөөр шалгарч өөрийн гэсэн автомат тоног төхөөрөмжтэй болсон. Хаягдал гэж боддог байсан зүйлс маань маш гоё инновац шингэсэн бүтээгдэхүүн болоод явж байна. Энэ нь бидний хувьд маш том хөрөнгө оруулалт болж байсан. Гэхдээ тавилга хийгээд эмчилгээний зардал олж чаддаггүй байсан. Зээл, материал, ажилчдын цалин гээд л таардаг. Тэгэхээр нь утасны тавиураа олон тоогоор үйлдвэрлэж, эмчилгээний зардалтай больё гэж шийдсэн. Энэ маань олон хүнд хүрч амжилттай болсон.
-2019 он бол ид ковидын үе. Энэ үеийг хэрхэн туулав?
-Ковид бол төлөвлөсөн бүх боломжийг маань хаасан. Энэ хоёр жил миний хувьд маш хүнд үе байсан. Тодруулбал, ажилчдынхаа цалинг тавих, өвчтэй эхнэрээ асрах, хүүхдүүдээ авч явах гээд олон зүйлийг туулсан. Гэхдээ 2017 онд ямар ч найдваргүй салах ёс гүйцэтгэж байсан эхнэр маань хичээл зүтгэлийн үр дүнд 2021 он хүртэл бидэнтэйгээ байсан. Ингээд ковид тусаж, өвчинтэй нь хавсарч хайртай эхнэр маань тэнгэрийн оронд явсан. Би гурван хүүхдээ сайн сургаж, сайн хүн болгоно гэсэн амлалт өгч үлдсэн. Амлалтаа биелүүлэх гээд зүтгэж байна.
-Анх хэдэн хүнтэй үйлдвэр эхэлж байв. Одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?
-Анх эгчийнхээ том хүүтэй хамт эхэлж байсан бол одоо 15 ажилтантай болжээ. Одоо бид дандаа автомат тоног төхөөрөмж дээр ажиллаж байна. Модон эдлэл учраас маш их зүлгүүр ордог. Тиймээс 10 хүн маань зүлгүүр дээр бусад нь тоног төхөөрөмж дээр ажиллаж байна.
-Бүтээгдэхүүний хувьд нэлээн олон төрөлтэй болжээ. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Бидэнтэй олон байгууллага хамтарч ажилладаг. Гар утасны тавиур дээрээ хамтрагч байгууллагуудынхаа лого болон үг бичиж өгдөг. 2022 онд хамтарч ажилладаг байгууллагууддаа бэлэг өгье гэж ярилцаад таваг хийж бэлэглэсэн. Тус зурагаа цахим орчинд нийтэлсэн. Гэтэл хүмүүс тавгийг маань цагаан сарын үеэр маш сайн авсан. Энэ нь биднийг бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхэд дэм болсон. Одоо бид 20 гаруй төрлийн таваг, хоёр төрлийн гар утасны тавиур үйлдвэрлэж байна.
-Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэтэй байдаг. Танай бүтээгдэхүүний хувьд үнийн хувьд боломжийн байсан. Тэгвэл чанарын хувьд гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?
-Хятадаас орж ирж байгаа тавгууд норохоороо хагардаг. Харин манай бүтээгдэхүүний хувьд хүнсний зориулалттай тосон түрхлэг түрхдэг. Энэ нь модыг илүү ус чийгт тэсвэртэй болгохоос гадна хүнсэнд ашиглахад тохиромжтой болгодог.
-Одоо тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Татвар их байгаа нь шинэ компаниудад дарамт болдог. Тухайлбал, нэг сая төгрөгийн цалин тавихын тулд 200 гаруй мянган төгрөгөө татварт өгч байна. Дээрээс нь ХАОАТ зэрэг нь биднийг хүнд байдалд оруулдаг. Төрөөс шинээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын эхний 3-5 жил татварыг хөнгөлчихвөл бизнес хийхэд илүү таатай болно. Мөн Хятадаас зарим барааг татваргүй оруулж ирж дотоодын үйлдвэрлэлүүдийг унагааж байна. Тиймээс дотоодын үйлдвэрүүдийг дэмжиж гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний татвар дээр анхаарч дотоодын үйлдвэрээ дэмжих хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)