Б.ДОЛЖИНЖАВ

 

“Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ өндөр өртгөөр гүйцэтгэж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалд оруулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өчигдөр /2022.12.19/ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?

 

"Бодь интернэшнл" группээс хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийн талаар баримттай, дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Анх 2008 оны зургадугаар сарын 18-ны өдөр буюу одоогоос 14 жилийн өмнө Засгийн газрын 52 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих, ашиглах концессын эрхийг “Энержи Ресурс” компанид өгсөн. Энэ өдрөөс хойш “Энержи Ресурс” компани судалгаа шинжилгээний ажлууд хийж,  анхан шатны зураг төсөл, төсөлтэй холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлээд 2012 оны тавдугаар сарын 09-ний өдөр Засгийн газартай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулж, төмөр замын ажлаа эхлүүлсэн. 
Төслийг эхлүүлэхдээ хуулийн болон санхүүгийн зөвлөх авч, ТЭЗҮ-ийг батлуулаад төмөр замаа барьж эхэлсэн. Анхны 2008 оны зөвшөөрлийг С.Баярын Засгийн газрын үед өгсөн. Дараагийн 2012 оны концессын гэрээний зөвшөөрлийг Сү.Батболдын Засгийн газар өгсөн. Дараа нь 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Н.Алтанхуягийн Засгийн газар концессын гэрээг цуцлаад бодлогын баримт бичигт заасны дагуу төмөр замын лицензийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн. “Монголын төмөр зам” компани “Энержи Ресурс” компанитай хэлэлцээр хийгээд тус компанид өмнө нь хийсэн ажлуудынх нь нөхөн төлбөр, гаргасан зардлыг нь олгосон. Ингэхдээ “Энержи Ресурс” компанийн сонгосон “Самсунг” компанийг өөрчлөөгүй. Шинээр тендер зарлаагүй. Ингээд “Самсунг” компани эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлаа үргэлжлүүлсэн. Энэ ажил цааш үргэлжилж байгаад санхүүжилтгүй болоод зогссон. Хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн асуудал үүсээд шалгалт оруулсан. Ийн энэ төсөл 2014 оны сүүл 2015 оны эхээр бүрэн зогссон. 210 км төмөр замын суурь бүтцийг “Самсунг” компани барьчихсан байхад төслийг зогсоосон байсан.


ТӨСӨЛ ЗОГСОХ БОЛСОН ШАЛТГААН 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2014 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг гадаадын компанитай хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзээд сонгон шалгаруулалт хийх, шалгарсан компанитай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Дараа нь 2015 оны долдугаар сарын 03-ны өдөр УИХ-аас Ажлын хэсэг байгуулаад тухайн үед сонгон шалгарсан “БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн Монголын “Энержи Ресурс” компанитай байгуулсан гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, илт хохиролтой байна” гэсэн дүгнэлт гаргуулаад энэ гэрээг цуцалсан. Ийн 2015-2019 онд таван жилийн турш энэ төсөл зогссон. 
Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ төсөл дээр юу ч хийгээгүй. Тиймээс олон нийт “Засгийн газраас гаргасан 270  гаруй сая ам.долларыг завшаад овоолсон шороо үлдээчихсэн юм байна. Мөнгийг нь хувааж идсэн хүмүүс зугтаагаад энэ хэрэг илрэхгүй болсон. Хэн, юунд зарцуулсан нь тодорхой бус” гэсэн ойлголттой үлдсэн. Үнэн хэрэгтээ 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарсан. Үүний 74 сая ам.доллар нь “Энержи Ресурс” компанид  нөхөн төлбөр болж очсон. Харин үлдэгдэл 200 сая ам.доллар нь “Самсунг” компанид очоод инженерийн суурь бүтцийн ажлыг нь хийсэн. Энэ компани 40-50 туслан гүйцэтгэгчтэй, нийт 2000 хүн ажиллаж байхад ажлыг нь зогсоогоод “Самсунг”-ийн ерөнхий гүйцэтгэгчийн гүйцэтгэх захирал, зураг төслийн гүйцэтгэх захирал хоёрыг нь 515 хоног саатуулаад бүх туслан гүйцэтгэгчийнх нь ажлыг шалгасан. Тодруулбал, хэн рүү, хэдэн төгрөг, хэрхэн шилжүүлсэн бүх явцыг нь шалгасан. Тэгээд 2018 оны үед “Самсунг” компанийн захирлыг ажлын хариуцлага алдсан үндэслэлэээр 40 сая ам.доллараар торгоод явуулсан. Энэ хүнээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэж бид ойлгосон.Эцсийн дүндээ 2008 оноос 11 жил энэ төсөл гацаад олон нийт “бүтэхгүй төсөл” гэсэн ойлголттой үлдсэн. 


ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТЭЗҮ БА САНХҮҮЖИЛТ 

 

“Энержи Ресурс”-ийн захиалгаар 2013 онд Австралийн компанийн хийсэн нэг тэрбум 68 сая ам.доллароор баталсан ТЭЗҮ-гээр “Самсунг” компани төмөр замын ажлаа хийж байхад  захиалагч нь “Монголын төмөр зам” болж солигдсон ч ТЭЗҮ-д нэг ч төгрөгийн өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ-гээр “Самсунг” ажлаа үргэлжлүүлсэн.
Төмөр замын ажил зогсох үед өмнө нь гаргасан 270 сая ам.долларыг нөхөн төлбөр, торгуульд төлөөд зөрүү болох  792 сая ам.доллароор манай “Бодь интернэшнл” групптэй гэрээ байгуулаад төслийг дуусгах санал тавьсан. Бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа 2013 оны буюу зургаан жилийн өмнөх төслийн үнээр гэрээ байгуулсан. Эхний  ТЭЗҮ-д ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй буюу 792 сая ам.долларын гэрээ байсан. Анхны ТЭЗҮ-гээр хил рүү очоогүй, хилээс 30 километрийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь захиалагч төрийн байгууллага  “Нэмж 80 км төмөр зам хил хүртэл барина” гээд 213 сая ам.долларын нэмэлт ажлыг манайд өгсөн. Ингэснээр төслийн нийт өртөг  нэг тэрбум таван ам.доллар болсон. Төмөр зам, дохиолол холбоо,барилга байгууламж, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмжийн зургаан ажил нийлээд 896.1 сая ам.долларын өртөгтэй болсон. Бидний гүйцэтгэх зургаан багц ажлаас төмөр зам дангаараа  474.2 сая ам.доллар буюу  нэг км нь нэг сая 464 мянган ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй гэрээ байгуулсан. Захиалагчийн зардал 18.1 сая ам.доллар болсон. Захиалагч нь төрийн өмчийн “Тавантолгой төмөр зам” компани юм. 
896 сая ам.доллар нь 2014 онд гаргасан зөвхөн ажлын өртөг юм. Манай компанийг маш өндөр өртөгтэй буюу  таван сая ам.доллароор төмөр зам барьсан гэж ярьж байна.Гэтэл бид нэг сая 460 мянган ам.доллараар тус төмөр замыг барьсан. Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам. Бусад төмөр зам бүгд гуравдугаар зэрэглэлийнх. Харин бид маш хямд барьж өгсөн.

 

ТӨЛБӨРӨӨ НҮҮРСЭЭР АВАХ БОЛСОН ТУХАЙД

 

Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлын тухайд тайлбар өгье. Энэ гэрээг санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам”. Энэ хоёр хоёулаа төрийн өмчит компани.Бид ерөнхий гүйцэтгэгчээр орсон. Ингэхэд 30 сарын дотор буюу энэ онд төмөр замыг барьж дуусгах үүргийг өгсөн. Харин санхүүжилтийг 60 сарын дотор олгоно гэсэн. Энэ саналыг бид хүлээж аваад урьдчилгаа 15 хувийг аваад үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаатай нүүрсээр өг гэсэн гэрээ байгуулсан. Манайд хоёр гэрээ бий. Санхүүжилт, нүүрсээр санхүүжүүлнэ гэсэн нэг гэрээтэй. Эцэст нь бид 2013 оны төсвөөр төслийг дуусгаж байна. Төсөл 82 хувьтай үргэлжилж байна. Өдөр болгон нүүрсний тээвэр явж байгаа. Гэхдээ одоогийн асуудлаас болж төсөл бүрэн дуусахгүй байх асуудал үүсээд байна. 
 “Эрдэнэс Тавантолгой”-д олон улсын санхүүгийн тайлан байхгүй. Зээлжих зэрэгжил огт хийлгэж байгаагүй. Тэдний цорын ганц санхүүгийн бололцоо нь нүүрс л байсан. Тиймээс нүүрсний гэрээ рүү орсон. Манайхыг олон жил хямд үнээр нүүрс авсан гэж ярьдаг. 2019 оны IV улиралд индексээр гаргасан үнээр буюу 60 сая ам.долларын гэрээ байгуулсан. Улирал тутамд шинэчлэгддэг үнээр бид нүүрс авдаг. Манайхаас хямдхан үнээр нүүрс авдаг Хятадын худалдан авагч олон бий. “Эрдэнэс Тавантолгой” улирал болгоны эхэнд нүүрсний үнээ зарладаг ч үүнийгээ хэзээ ч дагаж мөрддөггүй. Урьчилгаа өгвөл нүүрсний үнээ буулгана гэхээс биш нүүрсний үнийн хөнгөлөлт бодит байдал дээр хэрэгждэггүй. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)