Т.БАТСАЙХАН
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор парламентад өргөн барихаар шийдвэрлэлээ. Хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн халдашгүй байдлын “ард нуугдах” боломжгүй болно гэж хууль санаачлагчид үзжээ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг оруулжээ. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл дээрээс торгох ялыг хасчээ. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан. Ял наймаалцахгүй гэсэн үг. Түүнчлэн эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэлх хугацаагаар оногдуулж, төрийн удирдах албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар
Эрүүгийн хуульд тусгасан байна. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар “Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг. Хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа ч юм уу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татаж болох хуулийн төслийг өргөн барьж байна” гэж тодотгов. Энэ мэтчилэн өөрчлөлтүүдийг тусгасан Эрүүгийн хуулийн төслийг Засгийн газраас парламентад өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт бүлэг, зарим байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)