С.УЯНГА
УИХ-ын гишүүн Э.Батшугарын даргалдаг Инновац, цахим бодлогын байнгын хороо Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. НҮБ-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. “Ухаалаг засаг-2 төсөл” нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдаж байгаа аж.
Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна. Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хийж, тус банкны захирлуудын зөвлөл 2022 оны зургадугаар сарын 06-ны өдөр баталжээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол хоёр хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай гэлээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Зөвшөөрлийн хуулийг УИХ баталснаар авлигагүй, ил тод, иргэдийн хүсээд байгаа нийгмийг бүтээх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Одоо энэ хуулийг амилуулах Засгийн газрын ажил үлдээд байна. Тийм ч учраас Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийнэ. Яг хиймэл оюун ухаан ажиллаад тухайн зөвшөөрөл хэн нэгэн хүнтэй холбоогүйгээр шууд шийдэгддэг болбол авлига, хээл хахууль гэдэг зүйл арилах ёстой юм.
Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгээд эхний танилцуулга бэлэн болсон. Одоо үүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан. Цаашид хулгай хийх боломжийг хэн нэгнийг сольсноор биш, технологи суурьтай болгосноор хааж чадна. Цаашлаад цахимаар гэрээгээ хийдэг болоод, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ёстой гэсэн зарчмыг Засгийн газар барьж байгаа учраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээ хийх, түүнийг борлуулах, тээвэрлэж байгаа, худалдаж байгаа бүх үйл явцыг автоматжуулна. Ингэснээр арилжааг цаашдаа цахимаар хийх бололцоотой болж, үүнд хэн нэгэн нөлөөлөхгүй болох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна” гэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)