Б.ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын тухайд COVID-19 халдварын тархалтыг бүр мөсөн зогсоохын тулд “тэг-ковид” бодлого хэрэгжүүлж буй. Ингэхдээ удаан хугацааны турш хатуу хөл хорио тогтоож, иргэдийн байршлыг хянаж, бизнесийн байгууллагын үүдийг хаасан нь иргэдийг бухимдлыг хүргэж, томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ эсэргүүцлийн жагсаалын улмаас Хятадын эрх баригчид хөл хориог сулруулах шийдвэр гаргасан билээ. Гэвч ийн хяналт суларсны улмаас COVID-19 халдварын шинэ давлагаа дахин эхэлж байгааг тус улсын эрүүл мэндийн тэргүүлэх зөвлөх анхааруулсан хэмээн “Aljazeera” мэдээлэв.
Энэ талаар Хятадын тэргүүлэх халдвар судлаач Жун Наншань “Засгийн газраас хөл хориог сулруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт зарласантай холбоотой шинжилгээ өгөх иргэдийн тоо огцом буурсан. Үүний улмаас халдварын нийт тохиолдол буурсан мэт харагдаж байна. Гэвч нэг хүн 22 хүнд халдвар тараах эрсдэлтэй омикрон хувилбар тархаад байна. Яг ийм эрсдэлтэй үед урьдчилан сэргийлэх хүчтэй арга хэмжээ авахгүй бол тахал маш хурдацтай тархаж, зогсооход хэцүү болно” хэмээн төрийн хэвлэлээрээ ярьжээ.
Хятадын нийслэл Бээжин хотод бямба гарагт 1661 тохиолдол бүртгэгдэж, ихэнх байгууллага хаалгаа барьж, дэлгүүр, худалдааны төвүүд хоосорсон байна.Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Эмнэлгийн удирдлагын товчооны ерөнхий захирал Жяо Яхуй тус улс эрчимт эмчилгээний 10 мянган ор бэлтгэх шаардлагатайг анхааруулжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)