Р.Оюун

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баянговь сумын ИТХ-ын төлөөлөгч, Баянговь сумын Засаг дарга Б.Мөнхсайхантай ярилцлаа. 

 

-Танай аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?


-Эмэгтэйчүүдийн оролцоо төдийлөн хангалттай биш байна. Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс таван эмэгтэй төлөөлөгч байдаг. Сумдын ИТХ-ын дарга болон сумдын Засаг дарга нараас ганц эмэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сумын ИТХ-ын 21 төлөөлөгчөөс есөн эмэгтэй төлөөлөгчтэй. Байгууллагын 80 хувь нь эмэгтэй дарга, удирдлагууд байна. Энэ тоо мэдээнээс харахад жендэрийн хэвшмэл үзэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх хандлагад нөлөөтэй эсэхийг үзэхэд хэвшмэл үзэлтэй хүмүүсийн тал нь эрэгтэй нэр дэвшигчийг, хэвшмэл ойлголтгүй хүмүүсийн 60 гаруй хувь аль алиныг нь болон эмэгтэй нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлсэн судалгаа байдаг юм билээ.  


-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар бэрхшээл байна?


-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, дэмжлэггүй, хууль зэрэг эрх зүйн орчин муу. Хэвшмэл буюу уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд улс төрд болон шийдвэр гаргах түвшинд ажиллахад бэрхшээлтэй байдаг. Эмэгтэйчүүдийн талаарх иргэдийн хандлага, ойлголтын асуудал харагдаж байгаа юм. Иргэд шат шатны сонгуульд санал өгөхдөө эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун шударга байж чадна хэмээн дэмжиж байгаагаас гадна захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзлээр хандаж байна. Олон нийтийн санаа бодлын хувьд бүлэг, байгууллага удирдан чиглүүлэх, нөлөөлөхтэй холбоотой чанарыг эрэгтэйд, үлгэрлэл, шударга, хариуцлагатай байх, уян хатан байх гэсэн чанарыг эмэгтэй шийдвэр гаргагчийн хийх ажил гэж хараад байдаг нь өнөөдрийн удирдах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо, байр суурь, эзлэх хувь бага байгаагийн гол шалтгаан гэж хардаг.


-Эмэгтэйчүүдээ хэр дэмжиж ажилладаг вэ?


-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сумын хөгжлийн төв бариулж байгаа. Эмэгтэйчүүдийн холбоог өрөөтэй болгох тохижилтыг хийх талаар анхаарч эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамруулан дэлгэц, компьютер, өсгөгчөөр хангаад байна. 


-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?


-Аймгийн эмэгтэй төлөөлөгч, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчийн хувьд эмэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөх, тэдний сурч боловсрох, нийгэмд үзүүлэх байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө сургалт зөвлөгөөн зохион байгуулах, сумын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж тогтмолжуулах. Тэргүүлэгчдийг насны түвшингээр тэгш хуваарилах, бололцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдийн манлайллыг өргөсөн олон нийтийн арга хэмжээг түлхүү зохион байгуулах. Тэднийг ажлын байраар хангах, төсөл хөтөлбөр санхүүжилтэд хамруулах гэсэн ажлыг хийнэ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)