Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний хулгайтай холбоотой баримтууд ээлж дараалан ил болж байна. Холбогдоогүй хүн ч ховордох шинжтэй. Гол нь энэ олон мэдээллийг зөв “шүүж”, хууль хяналтын байгууллагын ажиллах нөхцөлд халдахгүй байх нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. “...Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” гэж байгаа юм.
Ер нь бол Тавантолгойн орд өдийд ингэтлээ идэш, уушинд явчихгүй байх боломжтой байсан. Өдийд ашиг орлогоо ч  өгөөд эхэлчихсэн байх байжээ. Тэр нь тус ордын IPO байв. 2018 онд эхлээд 2020 онд дуусчих байв. Харамсалтай нь одоогийн нүүрсний хулгайн бүлэглэлийнхэн тэр үед Тавантолгойн IPO-г нам зогсоочихсон. Тухайн үед нүүрснийхэн нь IPO хийж буй багийг “нүдсээр” байгаад Засгийн газрын шийдвэрээр зогсоолгож байв. Тэгвэл “...Тавантолгойд IPO хийнэ” гээд зүтгэсэн Д.Сумьяабазарыг өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой гээд зураг, сэлтийг нь цахим сүлжээгээр “шидээд” эхэлжээ. “...Үхэх хүн ханьсаг” гэж үг бий л дээ. Учир нь Тавантолгойн IPO хэрхэн эхэлсэн, хэзээ “дууссан” бэ гэдгийг олон нийт мартаагүй л байх ёстой. Сануулахад, Тавантолгойд IPO хийх ажил 2018 оноос эхэлсэн. Хоёр жил орчим зүтгүүлсэн. Гэсэн ч 2020 оны сонгуулийн өмнөхөн унасан. Тодруулбал, ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмж гарсан. Уг зөвлөмжид Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал ярьсны нэг нь IPO хийх байжээ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн мөн ондоо УИХ-аас тогтоол гаргасан. Улмаар Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр тогтоол гаргаж, IPO хийх ажил эхэлсэн байдаг.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж, тус компанийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ есөн сарын дотор 80 хувьтай урагшлуулжээ. Гэвч 2020 оны дөрөв¬дүгээр сарын 27-ны даваа гаригт Зас¬гийн газар ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Тухайн үед шалтгаан үндэслэлийг нарийн зарлаагүй. Гэхдээ тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас  энэ тогтоолыг цуцалсан нь “...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар үлдсэн. Харин хөшигний ард буюу тэр өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ч тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байдаг. Үүнээс гадна 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Зас¬гийн газрын хуралдаанаас “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Ямартай ч  Тавантолгойн ордод IPO хийх ажил ингээд нам зогссон.
Маш сонирхолтой нэг зүйл бий. Юу гэхээр Тавантолгойн ордын IPO зогссон ч нэг тогтоолоор дэмжигдээд явж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үргэлжилсэн байдаг юм. 
Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрээс гурав хоногийн дараа тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэвлэлээр “...Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээн мэдэгдсэн.  Тэрбээр “...Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, Тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс¬нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, Үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна” гэж ярьсан. Бас “...Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. Тэгээд дэлхийн том дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтын хүчинд оруулж ирж чадсан. Тэд “...Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан” гэж байлаа.
Ерөнхийдөө тухайн үед Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад  гурван гарц байжээ. Эхнийх нь Тавантолгойг өөрсдөө ашиглах хувилбар байв. Одоо энэ үүсээд байгаа нөхцөлд хүргэсэн хувилбар л даа. Хоёр дахь нь өмнөд хөрштэй стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан байдлаар ашиглах байжээ. Энэ хувилбар нь тийм ч сайнд тооцогдоогүй байдаг аж. Харин гурав дахь нь Тавантолгойд IPO хийж, олон улсын бирж дээр гаргах хувилбар байсан байна. Түүнийг нь сонгожээ.
Эхний удаад Тавантолгойн зургаан бүлэг ордын нэг дээр IPO босгохоор ажиллаж эхэлсэн байгаа юм. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн 30 хувь болох бөгөөд үнэлгээ нь 5-6 тэрбум орчим ам.долларт хүрэх тооцоотой байв. 
Хэрвээ энэ IPO хийж чадсан бол нүүрсний хулгай өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрэхгүй. Товчхондоо, Оюу толгойг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” шиг монголчууд Тавантолгойдоо эзэн суугаад эхэлчихсэн байх байжээ. Харамсалтай нь тэгж чадсангүй. Тавантолгойн IPO нэгэнт алдагдсан боломж болж хоцорчээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)