Т.САЙХАН
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өчигдөр найм дахь өдрөө үргэлжиллээ. Жагсагчдын зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой хүмүүсийн нэрсийг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргах шийдвэрийг гаргалаа.
Нууцаас гаргасан гэрээнүүд
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын шийдвэрээр нууцаас гаргасан гэрээнүүдийг танилцуулсан. Ил болгосон гэрээнд
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны арвандүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт
3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ
4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх гэрээ
5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ
6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ
7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээ
8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын гэрээ
9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ зэрэг есөн гэрээ багтжээ. Тус гэрээнүүдийг АТГ болон УИХ-д байгуулагдсан түр хороонд шилжүүлсэн байна. Цаашид Засгийн газраас бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооно гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Нүүрсний хулгайчдын нэрийг зарлах хүртэл жагсана гэв
Төв талбайд иргэдийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс өчигдөр эмч, багш, сэхээтнүүдийг жагсаалд идэвхтэй оролцохыг уриалав. Мөн жагсагчид НЗДТГ-т болон СБД-ийн Засаг даргад Төв талбайд гэр барих хүсэлтийг хүргүүлжээ. Гэвч холбогдох байгууллагууд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалтад тусгаснаар "Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр , майхан, бусад түр оргонох байр барих болон хоноглохгүй байх..." гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Гэсэн ч иргэд нүүрсний гэх хулгай хийсэн нэрийг зарлах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)