Б.ДОЛЖИНЖАВ

Үндэсний үзэлтэй төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Үндэсний мэдээлллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийж, жагсаалтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Д.Гансүрэн “Нүүрсний хулгайчдын эсрэг жагсаалд таван өдөр оролцлоо. Төрд хулгайч байгааг зарлачихлаа. Харин хулгайчаа яллаж, шударгаар шүүхгүй байхад ард иргэд үнэхээр бухимдаж байна. Хулгайч байгаа бол шоронд орох ёстой. Гэхдээ сүүлийн хэдэн өдрийн жагсаалд сайн дураараа ирсэн жагсагчдыг буруу тийшээ залах, турхирч байгаа хэсэг хүмүүс гарч ирлээ. Жишээлбэл “No Double standard” хөдөлгөөнийхөнийг нэрлэж болно.  Тэд гадаадын санхүүжилттэйгээр өнгөт хувьсгал хийх гэж байна уу хэмээн бид хардаж байна. Гэтэл бидний үндсэн зорилго бидний үндсэн эрх ашиг юм. Үүний төлөө бид жагсана” гэв.

Харин “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Д.Чойпүрэв “Авлига авч, улс орноо зарсан улстөрчид 40 сая төгрөгөөр торгуулиад ялаас мултардаг юм бэ. Үүнд ажлаа хийхгүй байгаа хууль, шүүхийн байгууллага, прокурор буруутай. Төрийн өндөрлөгүүдээс нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг залуус шаардаж байна. Гэхдээ нэрсийг нь зарлах үүрэгтэй, эрх зүйн үндэслэлтэй газар нь шүүх юм. Цагдаа хэргийг шалгаад нотлох баримтыг нь өгөөд прокурор хянана. Хяналтын прокурор шүүх рүү шилжүүлнэ. Шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Гэтэл одоог хүртэл шүүх таг дуугүй байна. Ихэнх хэрэг шүүх дээр очоод таг зогсож байхад яагаад эдгээр хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Шүүгч нарыг шүүе” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn