Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:-Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг дэмжиж байна. Гэхдээ бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Жагсагчид нүүрсний хулгайн төлөө зогсч байна. Энэ түр хороо байгуулаад зургаан сар өнгөрсөн. Энэ хугацаанд түр хороо ямар ажил хийж, үр дүнд хүрсэн бэ. Одоо хийж чадахгүй байгаа, УИХ болон парламентаас дэмжлэг авах ямар асуудал байна. Нууцлалын гэрээ хэчнээн байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтаар үнийн асар их зөрүүтэй асуудлыг ярьдаг. Гашуунсухайтын төмөр зам нь нэг километр нь таван сая ам.доллар. Богд хаан төмөр зам нь километр нь найман сая ам.доллар. Гэтэл Хангийн төмөр зам нэг километр нь 1.7 сая ам.долларын үнэ өртгөөр найман сарын хугацаанд босголоо. Энэ төмөр замын гэрээ нууц байгаа юм уу. 

Түр хорооны дарга Г.Ганболд:-Түр хорооны хугацааг сунгах асуудлыг ярьж байна. Өмнө нь УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг  хэлж байсан ч хэн ч тоогоогүй. Нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа. Харин УИХ-ын түр хороо нууц гэрээтэй танилцах боломжтой. Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж, нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: -Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Тэгэхээр манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад хэний ч сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө. Чалко компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn