Т.БАТСАЙХАН

 

Иргэдийн жагсаал цуглаан өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, Төрийн ордонд ч нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгүүд өрнөсөн өдөр байв.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, нүүрсний хэрэгтэй холбоотой нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн.   УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг нэн даруй зохион байгуулах үүргийг холбогдох ажлын хэсгийнхэнд өгч, тогтолцооны асуудлыг парламент удахгүй хэлэлцэнэ гэсэн байр суурь илэрхийллээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өчигдөр үдээс өмнө Засгийн газрын хуралдаанаар  “ЭрдэнэсТавантолгой” ХК-д томилсон БЭТ Ж.Ганбатын мэдээллийг сонсож, үдээс хойш Сүхбаатарын талбайд очиж, жагсагчидтай уулзаж байр сууриа илэрхийллээ. Өчигдөр болсон улс төрийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

У.Хүрэлсүх: Албан тушаалтны биш ард түмний талд зогсоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжлэв. Тэрбээр "Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн хэргээр таавар таалгалаа.

Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Засгийн газраас нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна уу.  Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон байна. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсч, бухимдлаа илэрхийлж байна. Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа,  Ерөнхий прокурор оо.  Та нарт  тэр эрх мэдэл нь байна. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж  байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана. Ажлаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж, төр засгаа эмхлэн байгуулах цаг ирж магадгүй шүү.

Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын төрийн тэргүүнийхээ хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно. Би албан тушаалтныг хамгаалахгүй. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц.  Одоо гарч ажлаа хийцгээ" гэв. Тус уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ЕТГ-ын  дарга Я.Содбаатар нар байлцав.

 

Г.Занданшатар: Баялгийн хулгайтай тэмцэх багц хуулийг батална

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өчигдөр үдээс өмнө хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн.  Тэрбээр "Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд багц хуулиудийг баталж хэрэгжүүлнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль бий. Жагсагчид, тэмцэгчдийн зүгээс Монгол Улс ийм их баялагтай мөртлөө ард түмэн яагаад ядуураад байна гэдэг зүй ёсны шаардлага тавьж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэнэ. Үндсэн хуульд Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь байж үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж заасан байдаг. Бүх баялагт ард түмний хяналтыг тогтоох ёстой. Нүүрсний хулгай нэрийн доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ. Мөн Авлигатай тэмцэх багц хуулийг батална. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль ч гэж хэлж болно. Зөвхөн нүүрс биш Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмших, хулгайлах хэрэгсэл байх ёсгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээлттэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа өгнө. Залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулах хэрэгтэй. Нээлттэй сонсголоор нүүрсний үнийн зөрүү, 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүмүүсийг гэрчээр дуудна" гэлээ.

 

Л.Оюун-Эрдэнэ: Бид урагш явна, ухарч гишгэж болохгүй

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд ирж уулзлаа. Тэрбээр энэ үеэр дараах байр суурийг илэрхийлэв. "Бид асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрэв бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан.

Бид 2.3 тэрбум ам.долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Бид урагш явах ёстой, ухарч гишгэж болохгүй. Хөгжлийн банкинд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч иргэдтэйгээ хамт байгаа.

Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой.  Өнөөдөр энд нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)