Б.ДАМДИН-ОЧИР

 

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг гурван шатны шүүхээр өнгөрсөн жил эцэслэн шийдсэн. Харин өнөө жил хэрэгсэхгүй болгосон юм.

Тодруулбал, түүний хэргийг АТГ-ынхан 2013 оны хавраас хойш шалгасан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд НПГ-т шилжүүлсэн. Тус газрын хяналтын гурван прокурор хэргийг дөрвөн сар хянаад 2020 оны гуравдугаар сарын 23-нд шүүхэд шилжүүлжээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд 2020/ШЦТ/570 тоот шийдвэрээр гэм буруутайд тооцож хорих ялаар шийтгэсэн. Дараа нь давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлэлцэж, 1454 дүгээр магадлалаар гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хамгийн сүүлд, 2021 оны тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүхийн 238 дугаар тогтоолоор С.Баярцогтыг гэм буруутайд тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээгээд зарим зүйлчлэлийг өөрчилж, ялын хэмжээг бууруулсан байдаг.

Харин тэр өдөр нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “...С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь батлагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Энэ дагуу хоёр сарын дараа буюу 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ хуралдсан байна. Тэгээд нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосон. Түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү С.Баярцогтод холбогдох хэрэг Дээд шүүхийн шийдвэрийн дагуу АТГ-т хоёр жил орчмын дараа дахин очсон байдаг. Гэхдээ АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн байна. НПГ ч удаасангүй. Гурав хоногийн дараа буюу 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хэрэгсэхгүй болоод бараг хагас жил болох гэж байна. Гэтэл сүүлийн үед уг кэйс дээр хуульчид, хууль хяналтын байгууллагын хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлэх болжээ.

Нэлээд нь “... “С.Баярцогтын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа эцэслэн шийдвэрлэх зүйтэй” гэсэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай санал гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нь хууль зүйн хувьд нэлээд эргэлзээтэй. Үндэслэл олж харахад хэцүү. Тэр хүн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Тэгсэн мөртлөө  Засгийн газрыг төлөөлж, уг компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Ингэж  албан ажлын хувьд олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор ашигласан. Энэхүү үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь тодорхой байсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч нар тусгай санал гаргалаа. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр эргэлзээ дагуулаад байгаа юм” гэцгээж байна. Түүнчлэн үүнийг дагаад "...Шүүх, прокурор, мөрдөх байгууллага нөлөөнд автсан уу" гэсэн яриа хөөрөө ч хууль хяналтынхан дунд хүчтэй яригдаж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 232 (6964)