Р.ОЮУН
Найман сарын өмнө хоосон талд Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын шавыг тавьж байсан бол өнөөдөр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орж, анхны зорчигчид нь хэвлэл мэдээллийнхэн боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард энэ төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан. Тэгвэл найман сарын дотор төр, хувийн хэвшлийн түншлэлээр ийн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн болжээ. Тэрбээр нээж хэлэхдээ “Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа зарлаж байна. Болгоё гэвэл арга, болгохгүй гэвэл шалтаг олддог гэсэн үг бий. Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа.
Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрсэн, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, засаж залруулахын төлөө, цар тахал, дайны хүнд цаг үеийг давж эдийн засгаа сэргээн тогтворжуулахын төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэх том төсөл хөтөлбөрийг бүрэн дуусгаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа. Монголчууд бид ажил эхлүүлж, богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эерэгээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд том нөлөөлөл үзүүлнэ” гээд бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийлсэн юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болсон нь энэ. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог юм. Мөн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэж байна. Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн зургаан ангийн 1000 гаруй албан хаагч төмөр замын трассын дагуу 4.6 орчим сая шоо метр газар шорооны ажил, 63 байрлалд ус өнгөрүүлэх хоолой, 35 км дээд бүтэц тавих ажлыг хагас жил гаруй хугацаанд чанар, стандартын дагуу бүрэн гүйцэтгэжээ. Мөн энэ ажилд 120 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчин оролцож, 1300 байнгын ажлын байр шинээр бий болж байгаагийн 50-60 хувь нь орон нутгийн иргэд байгаа ажээ.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын сэтгэгдлийг сонслоо.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: ТӨМӨР ЗАМ БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР АЖИЛЛАХ ЦАГ УДАХГҮЙ
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам манай улсын экспортын төмөр зам. Есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулсан. Өнөөдөр 226.9 км төмөр зам баригдаад дууссан байна. Энэ нь 15-20 сая тонн нэвтрүүлэх хүчин чадалтай Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмөр гарах боломжтой зам ашиглалтад орлоо. Гол нь найман сарын хугацаанд Монгол Улсад нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч төгрөгийн баталгаагүй, нэг тонн нүүрс авахгүйгээр өөрийн хөрөнгөөр, эдийн засагт ачаалал өгөхгүйгээр бүх эрсдэлээ хувийн хэвшлийнхэн маань гаргаад санхүүгийн боломжтой бүх арга, хэрэгслийг ашиглаж барьж босгосон төмөр зам. Аравдугаар сарын статистикийн тоо гаргахад есдүгээр сард эдийн засаг 3.7 хувиар өссөн бол аравдугаар сард 3.9 хувиар өсөж 02 функтээр сайжирсан байгаа. Энэ зам нь 20 сая тоннын хүчин чадалтай. Хэрэв авто замаар явбал 5-8 сая тонн ачаа тээвэрлэнэ. Төмөр зам маань бүрэн хүчин чадлаар ажиллах цаг удахгүй байх.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: ЭКСПОРТЫН ГАРЦ НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
-Гуравдугаар сарын дундуур шаваа тавьж байсан төмөр замыг монголчууд найман сарын дотор өөрсдөө барьж ашиглалтад оруулж байна. Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээврийн коридоруудтай болж урд, хойд хөрш, Ази, Европтой холбогдох нь чухал. Ханги-Мандал боомтоор төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох асуудлыг БНХАУ-ын талд эрчимтэй тавьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхийг чухалчилж байгаа. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбох манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авсан. Тиймээс энэ асуудал удахгүй нааштайгаар шийдэгдэж манай улсын экспортын гарц нэгээр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 230 (6962)