Б.ТӨГС
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар томилогдсоноосоо хойш цахим шилжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор төрийн бүх байгууллагатай уулзаж, асуудал, шийдлээ ярилцах уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Н.Ганибал нарын хамт Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын цахим шилжилттэй танилцаж, нийслэлийн түгжрэл, ачаа барааны эргэлтийн хурд, цахим шилжилтийг амжилттай хийснээр автомашинаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, зам, тээврийн салбарт ашиглагдаж байгаа цахим системүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдэд сурталчлах талаар харилцан ярилцаж санал солилцсон.
Байнгын хорооны дарга Э.Батшугар өнөөдөр нийслэлийн 1.3 сая оршин суугчдад тулгамдаад байгаа авто замын түгжрэлийг богино хугацаанд бууруулахын тулд инновацад тулгуурласан цахим шийдлүүдийг яаралтай боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо. Ингэхдээ гадны улс орнуудын богино хугацаанд үр дүнгээ өгсөн ухаалаг гэрлэн дохио гэх мэт сайн туршлагуудыг нутагшуулахад болохгүй зүйл байхгүйг хэлэв. Богино хугацаанд шинэ гүүр, зам тавих боломжгүй тул шууд хэрэгжих боломжтой технологийн шийдлүүд дээр онцгой анхаарч ажиллахыг даалгасан юм.
Зам, тээврийн хөгжлийн яам RFID системийг ашиглан тээврийн хэрэгслийг таних цахим гэрчилгээг бүртгэлтэй 950 мянган тээврийн хэрэгсэлд олгох ажилд нийслэлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжинэ гэсэн мэдээллийг энэ үеэр өгсөн юм. Мөн Эмээлт, Хоолт, Налайхын орон нутгийн замын төлбөр авах цэгийг одоогийн байдлаар RFID ашиглан цахимжуулсан бөгөөд өдөрт 15000 машины төлбөрийг и баримтын системд автоматаар уншуулан нэвтрүүлж байгаа аж. Цаашид орон нутгийн авто замын төлбөр авах 19 цэгийг нэмж цахимжуулахаар зорьж байгаа бөгөөд гол асуудал нь төлбөр төлөлтийн явц удаашралтай буюу 20-30 хувьтай байгаа гэлээ. Тиймээс төрийн төлбөр тооцооны нэгдсэн стандарттай болох шийдэл хэрэгтэй байгаа нь уулзалтын үеэр хөндөгдлөө.
Эх сурвалж: www.polit.mn