Б.БАЯРЖАВХЛАН

 

Улаанбаатар хотоос 60 км-ийн зайд байрлах Төв аймгийн Батсүмбэрийн “Үдлэг Агро парк” өвлийн хүлэмжийг зорилоо. Гадаа өдөртөө -10 бол шөнөдөө -22 хэм хүрч хонож байгаа. Энэ үед өвлийн гурван хүлэмж дүүрэн нарийн ногоо буюу юуцай, бууцай, өргөст хэмх тариалжээ.

 

Манай улс нарийн ногооныхоо 80 хувийг импортоор авдаг

 

Манай улсын хувьд хүнсний ногооныхоо 40 хувийг импортоор авдаг. Татварын мэдээллээр жилд 25 сая ам.долларын нарийн ногоо гаднаас оруулж ирдэг байна. Харин нарийн ногооныхоо 80 хувийг импортоос бүрдүүлж, үлдсэн 20 хүрэхгүй хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд хангадаг. Гэхдээ энэ 20 хүрэхгүй хувь нь зөвхөн зундаа тариалсан нарийн ногоог хэлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн жил Эрээний хил хаагдахад ресторан, цайны газар, зах худалдааны төвүүдэд нарийн ногоо тасарч багагүй сандаргасан. Ийнхүү урд хил хаагдсанаар монголчууд нэг зүйлийг ойлгож авсан нь нарийн ногоогоо дотооддоо тарих байв.

 

Идэр есийн хүйтэнд нарийн ногоо тарьж байна

Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд нарийн ногоо тарина гэдэг тийм ч амар ажил биш ажээ. Гэвч Төв аймгийн Батсүмбэр суманд 2400 мкв буюу 80х10 метр хэмжээтэй өвлийн хүлэмж барьж дотор нь юуцай, бууцай, өргөст хэмхийг дүүртэл тарьсан энэ эмэгтэйг  Ж.Мөнхцэцэг гэдэг. Тэрбээр 30 настай. 2014 онд ХААИС-ийг аграномч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр “Намайг сургуулиа төгсөж байхад мэргэжлээрээ өвөл, зунгүй ажиллах боломжтой ажлууд ховор байсан. Гэхдээ би мэргэжлээрээ ажиллана гэж шийдээд судалсны эцэст “Green vigital” компанид усан тариалалт буюу гипиропилк орчинд зуушны навч тариалдаг газар ажилд орсон. Ингээд гурван жил ажиллаад анхны хүүхдээ төрүүлж, жирэмсний амралтаа авсан. 2018 онд магистраар төгссөн. Жирэмсний амралтаа аваад буцаад ороход компани маань хаалгаа барьсан” гэв.

 

Эрүүл хүнс идье гэж шийдсэн

Манай улсад хорт хавдар эрс ихэссэн. Энэ нь бидний хүнстэй холбоотой. Хүнсний эрүүл аюулгүй байдал алдагдсаныг эндээс харж болох байх. Харин Ж.Мөнхцэцэгийн хувьд “Юуны тулд аграномч мэргэжилтэй билээ. Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Тиймээс өвөл, зунгүй өөрийн хөрсөнд тариалсан хүнсний ногоогоо хэрэглэнэ хэмээн шийджээ. Мөн үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө оруулагч бас эрүүл хүнс хэрэглэх энэ төслийг нь дэмжиж хамтран ажиллахаар болсон. Түүнээс хүлэмж барих ажил бол хөрөнгө, хүч хөдөлмөр их шаарддаг ажил гэж байсан юм. Тэрбээр 2021 оны өвөл өвлийн хүлэмжиндээ тариалалт хийсэн байна. Өвлийн хүлэмжинд ногоо тарих хэцүү ч зорьсондоо хүрч "Номин"-гийн салбараар юуцай, бууцай, өргөст хэмхээ зарж байна. Ченжүүдийн хувьд шошго тэмдгийг нь өөрчлөөд монгол ногоо гээд худалддаг. Монголд ургаж байгаа ногоо ховор байдаг. Идэр есийн хүйтэнд ажилладаг ганц хүлэмж эднийх гэж хэлж болно. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүлэмжийн аж ахуйнхаа хажуугаар үрсэлгээ хийж зардаг ажээ. “Мөнхийн таримал ургамал” компаниараа дамжуулан үрсэлгээ зардаг. Мөн олон компанид зөвлөгөө өгдөг гэсэн.

Зарим хүн хүлэмж барих технологио мэддэггүй. Гадаа -36 хэм хүрэхэд дотор агаарын хэм 7.8 байдаг. Хүмүүс өвлийн хүлэмжийг хэцүү гэж ойлгоод байдаг. Ургамал ургах таатай нөхцөл 20 хэм байдаг. Тэгвэл -40 хэмд дотор хэмээ хэрхэн барих вэ гэдгээ тооцоолдоггүй. Анх зуушны навч тариалж байсан учраас нарийн ногоо өвөл, зунгүй тариалъя гэж шийдсэн. Монголд гидорпоникийн чиглэлээр хүлэмж бага байдаг. Эднийх одоо гурван галч, гурван ногоочинтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Нарийн ногооны ханш

Зуушны навч кг          8000 төгрөг

Өргөст хэмх кг           10000 төгрөг

Юуцай кг                    12000 төгрөг

Бууцай                       12000 төгрөг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 226 (6958)