Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд  нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ.   Тэрбээр нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгааг дурдаж, үүсээд буй нөхцөл байдал, шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Хариултыг энэ сард багтан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг мөн шаардсан байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

Нэгдүгээрт, офф-тейк гэрээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн борлуулалтын 20 хувь нь энэ  гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүсний уурхайн ам нөхцлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагч нарт өсгөж зардаг. Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа. 

Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонны нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий.

Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Олон улсад онгоцоор нэг цаг нисэхэд 100 ам.доллар, гурван цаг нисэхэд 300 ам.доллар байдаг. Гэтэл манайх ердөө 30 км замд нэг тонн нүүрсийг 400 ам.доллар тээвэрлэсэн гэдэг нь бодитой байна.  Хэрэв онгоцны үнээр нүүрс зөөдгийг хязгаарлахгүй бол энэ зах зээлд хожигдоно.

Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. "Эрдэнэс Тавантолгойн"-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn