Т.САЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцжээ.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.  Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байна. Үүнд, нислэгийн давтамж, тийзийн үнэ, визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал бий.  Түүнчлэл хуулийн хүрээнд аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь  иргэдийн өмчлөлтэй компаниуд байх шаардлагыг тавьж байгаа юм. Мөн энэ төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.  Эдгээр асуудлыг Аялал жуулчлалын тухай хуулиар давхар шийднэ.  Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгийг хуульд тусгасан гэлээ. Мөн  агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгож, янгир, аргал, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоог өөрчилж, Агнуурын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ.

         

“Тендерийн хар жагсаалтад орсон 46 компани бий”

 

Мөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Хуулийн төсөлд хэд, хэдэн шинэ заалтууд багтсан. Хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн гэж баталгаа гаргана. Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийг дахин тендерт оруулахгүй, удирдлагуудын хамт хар жагсаалтад бүртгэнэ. 2021 оны эцсээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа. Илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна. Орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)