Т.САЙХАН
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. Сүүлийн үед түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй таарамжгүй харилцаатай байгаа гэх мэдээлэл тарсан юм. Тэрбээр энэ талаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар сонгогдоод, олон нийтийн эрх ашгийг хувьдаа болон мөн хөрөнгө чинээгээрээ далайлгаж, мөнгө завшиж буй хэсэг бүлэгтээ тэмцэж эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувь, цаашлаад Хөтөл, Дарханы цементийн үйлдвэртэй холбогдоно. Цаашлаад эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монгол Улсын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байгаа гэж хэлж болно. Тэр цаг үеэс хойш Ерөнхий сайдыг ч тэр, түүнтэй хамтран зүтгэж байгаа хэсгийг харлуулах, нэр хүндийг унагаах, олон нийтийн дунд үл итгэх байдал бий болгох чиглэлийн ажлууд тогтмол хийгдэж эхэлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, бүлэглэлийн хулгайн журмаар явж ирсэн үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих ажил хийж байна. Эдгээртэй холбоотойгоор Ерөнхий сайдын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлд саад учруулах зорилгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйлс маш их явуулж байна. Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй богино хугацаанд зохион байгуулалттай байхаар олон зүйл хэвлэл мэдээллээр явж байна. Мэдээж хэрэг, эрх мэдэлтэй болон эд хөрөнгөтэй хүмүүсийн эрх ашиг газар бүрт хөндөгддөг байх. Гэхдээ ийм байдлаар төрд үнэнчээр, ард иргэдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж буй улстөрчид болон тодорхой албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлдэг байсан нь надад ч мөн мэдрэгдэж байна. Жишээлбэл, “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоорондоо хагарчээ, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагааж, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно” гэхчлэн зүйлийг зориуд зохион байгуулалттай хийж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn