Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "2023 оны төсвийг болон дагалдах хуулиудыг баталсан. Эдгээр хууль тогтоолууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан ирэх онд нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдлууд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулаад УИХ төсвийн тухай хуулийг батлах хүрээнд хэд хэдэн бодлогыг гаргаж ажилласан. Нэгдүгээрт, тэвчиж болох бууруулж болох зардлуудыг бууруулах арга хэмжээг авсан. Төсвийн тэнцлийг сайжруулах бодлого баримталсан. Хэмнэсэн зардлынхаа эх үүсвэрээр эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал хангамж, "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтыг шийдвэрлэж ажилласан. Эдгээр бодлогуудаас гадна төсвийн реформын эхлэлийг энэ удаагийн төсвийн хүрээнд тавьсан. 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудын хэмжээнд эрх зүйн хэд хэдэн шинэчлэлийг баталсан. Тухайлбал, ТӨК-уудын ил тод байдал болоод компанийн засаглалыг дээшлүүлэх хүрээнд УИХ-аас тогтоол баталлаа. Цаашид төрийн өмчит компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргахаар бэлдэж байгаа нэгдсэн цахим мэдээллийн системд бүртгэгддэг болно. Ингэснээр ТӨК-уудын бүхий л мэдээллүүд нэг системд бүртгэгддэг болно. 2023 оны I улиралд энэ системийг ажилд оруулна. Ингэж байж ТӨК-уудын ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn