Т.САЙХАН
Парламент энэ долоо хоногт багтан Монгол Улсын 2023 оны төсөв болон 2024-2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эцэслэн батлах учиртай. Өчигдөр болсон чуулганы гол сэдэв нь ирэх оны төсөв байв. Ирэх жил Монгол Улс 18.9 их наяд төгрөг олж, 20.5 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Төсөв хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тоймлон хүргэж байна.
Төрийн албаны хууль: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧИД УРАМШУУЛАЛ АВАХГҮЙ
Төрийн албан тухай хуульд өөрчлөлт оруулж, сум болон алслагдсан дүүргийн тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчдад таван жилд нэг удаа урамшуулал олгох асуудал яригдаж байгаа билээ. Тэгвэл энэ хуулийн төслийг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэн дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Гишүүдээс гарсан саналуудыг тусгаж оруулж ирлээ. Нэгдүгээрт, бүх сум ялгаваргүй орж байгаа. Хоёрдугаарт, зөвхөн Тамгын газрын ажилтан гэдэг нь больсон. Суманд ажиллаж буй төрийн захиргааны жинхэнэ албан хаагч л бол энэ урамшуулалд хамрагдана. Тийм учраас босоо тогтолцоотой гэдэг халамж, улсын бүртгэл, татвар, даатгал бүгд энд багтаж байгаа. Гуравдугаарт, нийслэлийн алслагдсан дүүргүүд үүнд хамрагдах ёстой гэж гишүүдээс санал гаргасан. Үүний дагуу Багахангай, Багануур дүүрэг орсон. Харин өнөөдөр Налайх дүүргийн асуудал зарчмын зөрүүтэй саналаар явж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Туваан:
-Орон нутгийн төрийн үйлчилгээний алба хаагчид яаж байгаа вэ? Нэмэгдэлд орсон уу.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Энэ хуулийн төслийн үзэл баримтлал нь суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын нийгэм хамгааллын асуудлыг шийдэх нэг хэлбэр. Тиймээс төрийн үйлчилгээний албатай холбоотой асуудал энд ороогүй. Багш, эмч, соёлын ажилтнууд өөрсдийн хуулиар явж байгаа.
Ийнхүү санал хураахад сум болон нийслэлийн алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэсэн заалт дэмжигдэв. Олгох журмыг Засгийн газар батална гэж заажээ.
ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСМАГЦ ИПОТЕК ТӨЛӨГДӨХ ЁСТОЙ
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Цар тахалтай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд царцаасан. 2023 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх явцад ипотек зээл дээр ажлын хэсэг ажилласан байх ёстой. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах талаар ямар шийд гаргасан бэ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг:
-Цар тахлын хууль ирэх сарын 31-нээр дуусгавар болно. Түүнээс хойш ипотекийн зээл төлөгдөх ёстой. Ипотекийн зээлийн төлөлт явагдахгүй бол цааш энэ зээл олгогдох асуудал хүндэрнэ. Эх үүсвэргүй болно. Цаашид орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, малчид, сумынхандаа ипотекийн зээл авах боломжийг нээж өгөх ёстой гэж харж байгаа юм. Ипотекийн зээлийг сум, аймаг, Улаанбаатар гэсэн эрэмбэ дараатай явуулбал нийслэлийн түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхэд, Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл суудлыг сааруулах чиглэлд үр дүнтэй ажиллах болох болов уу. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх нь зөв. Ипотек зээл авсан 100 гаруй мянган өрх байна. Цаашид авах сонирхолтой 200-300 мянган айл өрх байгаа. Тиймээс эхний ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаас хойш 31 сар өнгөрөөд байна. Анх 20 орчим хувь нь төлөхгүй байр суурьтай байсан ч одоо нэмэгдсээр 50 орчим хувьд хүрлээ. Ипотекийн хөтөлбөр эхний санхүүжилтээрээ дараагийнхаа санхүүжүүлэх эргэлтийн сангийн маягтай. Одоо төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болно. Өнөөдрийн гаргаж буй эх үүсвэрийн 80 хувийг нь Монголбанк, 20 хувийг нь банк гаргаж байна. Монголбанк өөр дээрээ өргөдөл аваад шийддэггүй. Банкууд шийдээд явдаг. Хөнгөлөлттэй санхүүжилтээр ая тухтай орон сууцанд амьдрах нөхцөл бүрдүүлж байгаа нь төрийн бодлого. Тэр утгаараа олон оронд ийм бодлого хэрэгждэг. Монголын хувьд Монголбанк оролцоод явж байгаад олон улсын байгууллагууд шүүмжилдэг.
ГАДНЫ БАНК ОРЖ ИРЭХЭД ТӨВБАНК БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИНЭ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Өрийн менежментээ зөв удирдаж, төсөв алдагдалгүй байх ёстой. Гадаад худалдаа, экспортын баялагийн мөнгө Монголдоо орж ирэх ёстой. Энэ ханш, инфляц, эдийн засгийн доройтлоос болж Монгол Улс, монгол хүний нэр хүнд унаж байна. Чанаргүй зээлийн хэмжээ 11 хувьд хүрчихжээ. Оны төгсгөлд 14 хувьд хүрнэ гэж байна. Өнөөдөр яг хэд байна вэ. Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийн хямрал АНУ-аас үүдэлтэй болно гэж байна. Төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд мөнгөний бодлогоор ямар ажлууд хийгдэх вэ. Гадны банкны талаар би өмнө нь хэлсэн. ТОП-100 банкны нэг, гадаад салбартай, Монголд ирээд тодорхой хугацаанд ажиллах ёстой гэсэн шаардлагууд байна. Энэ шаардлагууд саад болоод байна уу эсвэл Монголын эдийн засаг жижигдээд байна уу. Өмнө нь тодорхой хариулт авч чадаагүй. 2023 онд банкны салбарын тогтворгүй байдал үүсч болзошгүй гэж байна. Үүнийг юу гэж харж байна вэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өсөлт өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Монголд 12 банк байгаа нь бүгд дотоодынх. Гадны банкны салбар, бие даасан банк орж ирэхэд төв банк бүх талаар нь дэмжихэд бэлэн байгаа. Хамгийн гол нь манай эдийн засаг жижигхэн учир сонирхол бага байх шиг байна. Гадны банкууд орж ирэх хөшүүргийг төрийн зүгээс бодлогоор дэмжихгүй бол орж ирэх магадлал бага. Английн “Standart Chartered” томоохон банк Монголд төлөөлөгчийн газраа нээж байсан. Оюутолгой холбоотой бүх төлбөр тооцоог хийхээр орж ирээд байж байсан ч заавал Монгол Улсын газар нутаг дээр байх шаардлагагүй гэсэн.
“УИХ-ын дарга Г.Занданшатар аа, санал суудалтайгаа зууралдахаа боль”
Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат уламжлал ёсоор сөрөг хүчний байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “АН-ын бүлгээс энэ төсвийг татаж ав гэдэг шаардлагатай тавьсан. Хэзээ ч ийм их мөнгийг улсын төсөв нэрээр зарцуулж байгаагүй. УИХ гэж утгаараа байхгүй болчихлоо. Энэ их мөнгийг ямар ч хараа хяналтгүй зарцуулж байна. Иргэдийн амьдрал доройтож байна. УИХ-ын дарга санал суудалтайгаа зууралдахаа боль. Өдөр болгон дефолт руугаа ойртож байна” гэлээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой асуулт асуухыг шаардан түүний үгийг тасалсан.
“Монгол Улсын төсөв халамж цемент санхүүжүүлдэг төсөв болчихлоо”
2023 оны төсөв дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Сангийн яам ер нь цаашдаа төсвийн бодлогоо авч явж чадах уу. Төсвийн хүрээний мэдэгдэл дээрх алдагдал цаашаа өсөөд явахаар харагдаад байна. Нэг удаа ч гэсэн орлогын түвшинд хязгаарлаж болохгүй байгаа юм уу. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй. Газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх боломж байхгүй. Хөгжлийн асуудал санхүүжүүлэх ямар ч боломжгүй болчихлоо. Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент санхүүжүүлдэг төсөв болчихлоо. Баахан дуусаагүй барилгуудаа дуудлагаар зарчихаач ээ. Он дамжиж явсан энэ үр ашиггүй баахан цементүүд чинь өнөөдөр баахан урсгал зардлыг нэмээд үр дүнд нь ийм их тэлэлттэй байна. Гэтэл тэр дуусаагүй барилгуудын газар нь иргэд, бизнес эрхлэгчдэд олдохгүй. Зөвхөн дуудлага худалдаагаар зарлаа гэхэд газар нь үнээ нөхчихнө. Ийм байдлаар зардлаа хязгаарлах ажлыг хийх хэрэгтэй" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)