Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Булган аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Булган аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?
-Булган аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Үүний зургаа нь буюу 18.2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Суманд нийт 378 төлөөлөгчийн 115 нь буюу 30 орчим хувь нь эмэгтэй төлөөлөгч сонгогдоод сонгуулийн эрхийн хугацааны үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 2020 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын 33 төлөөлөгч анхны хуралдаанаа хийхэд зургаан эмэгтэй нэгдэж аймгийн ИТХ-ын хуралд эмэгтэйчүүдийн бүлэг байх ёстой гэсэн заалтыг хуралдааны дэгдээ оруулсан нь чухал болсон. Манай эрэгтэй төлөөлөгчид мэдрэмжтэй, ээлтэй хандаж дэгийн тодорхой заалтыг дэмжсэн. Эмэгтэй төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд Булган аймгийн нийгэм, эдийн засгийн ямар ч асуудлаар асуудал хөндөж ажиллаж болно.
Хүүхдийн эрхийн хамгаалал, гэр бүлийн үнэ цэн, гэр бүлийн хүчирхийллийн талаар эмэгтэйчүүд нэгдээд Булган аймагт “Хүчирхийллийн эсрэг хүн бүр гэрэл асаая” аяныг тодорхой хугацаанд зохион байгуулдаг. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлд аймгийн Иргэдийн хурлын ажлын албатай хамтраад Булган аймгийн хэмжээнд “Хүчирхийлэлд хүн бүр гэрэл асаая” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Аймгийн шүүх, цагдаа, өмгөөлөх, нийгмийн салбарын агентууд мэдээлэл хийж салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахаар ажилласан. Хоёрдугаарт, олон нийтэд хандаж гэр бүлийн хүчирхийлэлд хүн бүр гэрэл асаахын тулд ямар үйлдэл хийх ёстой вэ. Хүүхдийн 108 утсанд яаралтай хандах, сайн хөрш байх. Хүүхэд хамгааллын асуудалд хүн бүр хүчин зүтгэл гаргаж, гэрэл асаах ёстой гэсэн чиглэлээр уриалга гарган ажиллаж байна.
-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?
-Эмэгтэй нэр дэвшигчдээ олж сургаж, хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Цаг зуурын байдлаар нэр дэвшүүлэх биш. Аль ч намууд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжээд хөгжүүлэлтийн арга хэмжээнд оролцуулаад орон нутаг, хүмүүст нь таниулах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ Булган аймагт ч байгуулагдсан. 2024 он ойрхон байна. Улс төрд өөрийгөө бэлдэж, сорьж буй залуу эмэгтэйчүүдээ энэ сүлжээгээр манлайллын ур чадварт сургах ажлыг хийж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын Булганы сүлжээ дугуйлангийнхаа нээлтийг өнгөрсөн сарын 7-нд хийсэн.
Булган аймагт сар бүрийн эхний долоо хоногийн ням гаригт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын дугуйлангийн өдөртэй болсон. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал нь бусдад нөлөөлөх ур чадвар юм. Тиймээс бусдад нөлөөлөх ур чадвараа хэрхэн сайжруулах вэ гэдэгт манай сүлжээ дугуйлангийн гишүүд өөрсдийнхөө хөгжүүлэлтийг хийе. Өөрсдийгөө сургая, хөгжүүлье, хамтарч хөгжье. Мөн ийм дугуйлан нээгдсэн шүү гэдгийг нутгийнхаа олон түмэнд сурталчилна.
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар бэрхшээл байна?
-Тодорхой бэлтгэсэн эмэгтэйчүүдийн хувьд жаахан зоригтой, шийдэмгий байх ёстой. Хэлэх үгээ нам харгалзахгүй нэгдээд дуугардаг байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Яг амьдрал дээр нэгдэх сонирхол зарим зүйл дээр харагддаггүй. Энэ байдлаа бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх ёстой гэж бодож байна. Уламжлалт хандлагуудыг өөрчлөх ёстой. Сонгогчдын боловсролыг өөрчлөх хэрэгтэй. Нийт хүн амын 51, санал өгч байгаа сонгогчдын 60 хувь нь эмэгтэй байна. Тиймээс 30, 35 хувь болговол нийгмийн асуудал, авлигал хээл хахууль багасах, төсвийн хөрөнгийн үр ашигт эмэгтэйчүүд мэдрэг хандана. Тухайлбал, эмэгтэй төлөөлөгчийн хувьд багтаа бүтээн байгуулалтын ажилд иргэдийн хяналтын бүлгийг байгуулахад санаачилга гарган ажиллаж байгаа. ТББ-ууд иргэдийн хяналт хийчихээд Иргэний танхимдаа төсвийн хяналтын нийтийн сонсголыг зохион байгуулсан. Мөн эрх зүйн нутгийн удирдлагын хорооны даргын хувьд сүүлийн төсвийн нийтийн сонсголыг удирдсан. Энэ нь орон нутагт шинэ хэв маяг, ажлын хандлага, өөрчлөлт явагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)