Б.ТӨГС

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Цахим хөгжлийг дэмжих дөрвөн багц хуулийг хэрэгжүүлэхэд  хамгийн их үүрэг оролцоотой Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Төрийн байгууллагуудаас хамгийн олон үйлчилгээг үзүүлдэг тус байгууллагад хүнд суртлыг багасгах, цаг хугацаа, төсөв хэмнэх цахим шилжилтүүд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, тулгамдсан асуудал, цаашдын зорилгыг сонсов. Цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар тус байгууллага өнөөдрийн байдлаар 86 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд цаашид 117 болгохоор зорьж байгаа юм байна. Уулзалтын үеэр байнгын хорооны дарга Э.Батшугар хаяг шилжүүлэх зэрэг улсын бүртгэлийн зарим үйлчилгээнд иргэний үнэмлэхний хуулбар нэхдэг талаар гомдол ирсээр байгааг онцлоод Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс нэхэхгүй гэсэн заалтыг шат бүхэнд жигд хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тоон гарын үсгийг 431 мянган хүнд олгосон бөгөөд зарим банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд үйлчилгээ болон гэрээ байгуулах түвшинд хэрэглээнд ашиглаж эхэлсэн байна. Мөн улсын бүртгэлийн үйлчилгээнд хэрэглэх боломж бүрджээ. Цаашид тоон гарын үсгийн олголтыг нэмэгдүүлэх, олон улсад ашиглах боломжийг хэрхэн бүрдүүлэх ажлыг яаравчлах хэрэгтэйг байнгын хорооны дарга онцлов.

Мөн улсын бүртгэлийн байгууллага 2023 онд цахим гадаад пасспортыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн дотоодын иргэний үнэмлэхийг NFC  буюу зайнаас уншуулах технологид шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд зөвхөн иргэний үнэмлэхээрээ төлбөр тооцоо хийх, автобусны карт, жолоочийн үнэмлэхээ орлуулах гэх мэт бүх үйлчилгээг нэгтгэх боломжтой болох юм байна. Эдгээр ажлуудын хэрэгжилтийн шатанд тулгарч байгаа зарим асуудлын талаар уулзалтын үеэр ярилцлаа. 

Цахим шилжилт хэрэгжихэд бодит амьдралд тулгарч байгаа хамгийн том асуудал болох байгууллага хоорондын мэдээллийн интеграцийн асуудлыг хөндөж, төрийн байгууллагууд цаасан лавлагаа нэхдэг асуудлыг болиулах, ХУР системийн ашиглалтыг сайжруулах хэрэгтэй гэв. УБЕГ-аас 2021 онд зөвхөн төрийн байгууллагад л гэхэд 202 мянган ширхэг цаасан лавлагааг гаргаж өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn