Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэв.  Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж санаачилсан бөгөөд хууль батлагдвал ГИХГ нь  төрийн тусгай албанд хамаарна. Зөрчил гаргасан иргэнийг хил дээр зургаан цаг хүртэлх хугацаанд саатуулах эрхтэй болно. Мөн ГИХГ-ын албан хаагчид тэргүүн зөвлөх, шадар зөвлөх, зөвлөх гэсэн цолтой болж, тогтсон дүрэмт хувцас өмсөхөөр заажээ. Байнгын хорооны хуралдааны протоколыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-ГИХГ-ын захиргааны албан тушаалтан хэд байдаг вэ. Гадаадын иргэд монгол иргэдийг хуурч гарч зугтдаг тохиолдол их бий. Овог нэрээ солиод, хилээр янз бүрийн байдлаар гарсан тохиолдол байна. Хохирлоо барагдуулах явцдаа иргэний журмаар ч юм уу, оргосон зүйл их байна. Энэ бүгдийг хуулиар хаах боломж бий юу.  Боомт дээр хамгийн бага нөхцлөөр ажилладаг нь ГИХГ-ын албан хаагчид гэж харагдаж байсан. Тиймээс хил дээр ажиллаж байгаа албан хаагчдын тухайд төрийн тусгай албан хаагч гэсэн чиг үүргийг тавих нь зөв болов уу.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдрийн байдлаар ГИХГ 310 албан хаагчтай. Түүний 95 нь төрийн үйлчилгээний албан хаагч, үлдсэн 215 хүн нь мэргэжилтэн, байцаагч, алба хэлтсийн дарга нар юм. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагч байх нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ байгууллагын дараа жилийн төсөвт тусгаж тус байгууллагын  үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-ГИХГ-ыг нэгдүгээрт, үйлчилгээний байгууллага гэж ойлгож байгаа.  Мэдээж алба хаагчдынхаа цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Гэхдээ төрийн тусгай албанд хамаатуулж болохгүй. Иргэнийг зургаа хүртэлх цагаар саатуулах албагүй. Бид хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоож байгаа улс.  Тийм атал дахин нэг цол зэргэм олгосон тусгай байгууллага байх ёсгүй гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Зөрчил гаргасан иргэнийг албадан гаргах ч үе бий.  Үүнийг тусгай чиг үүрэгтэй болж байж хийнэ. Цол хэргэмийн тухайд таны бодож байгаа шиг сүртэй асуудал байхгүй.  Таван шатлал бүхий цол өгөхөөр хуульд тусгасан.  Ер нь энэ их чухал хуулийн төсөл.  Таны тэгтлээ их хайрлаад байдаг Ц.Нямдорж чинь байхдаа хэдэн гадаад иргэнийг албадан гаргасан билээ.  Бодоорой” гэв.  Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 84.6 хувь нь тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.

Үргэлжлүүлэн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ШЕЗ-өөс ирүүлсэн саналыг танилцуулав. Тус саналд Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарыг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж буйгаа  мэдэгджээ.  Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол хийх санал гаргажээ. Байнгын хорооны гишүүд сонсголыг 28-ны өдөр зохион байгуулахыг дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)