Т.САЙХАН
МАН-ын бүлгийн хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар өчигдөр мэдээлэл өглөө.
Д.Тогтохсүрэн: Барилга, хот байгуулалтын тухай хуулийг хамтад нь өөрчилнө
- Засгийн газраас өнгөрсөн сард Газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь авч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Газрын тухай таван хууль багтаж байна. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. Бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Цаашид хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Мөн Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орно. Түүнчлэн хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргааныг цэгцэлнэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 106 төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газраа зарсан
- Газрын багц хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэнэ. Бид газрыг өмчилдөг болоод яг 20 жил болж байна. Гэсэн ч эдийн засгийн эргэлтэд баталгаатай орж чадахгүй байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр хуульчлах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд орсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүх хүнд хамаатай суурь эрх зүйн шинэчлэл болох юм. Тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулан хэдэн зуун мянган иргэний орон сууц улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон. Зайсан, Тэрэлж, Яармаг багтана. Хамгийн үнэтэй баялгаа бид үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Үнэтэй зүйл өндөр татвартай байх ёстой. Тиймээс газрын шинэтгэлийн цаана далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах бодлогыг шийднэ. Орон нутагт, хот сууринд газрын асуудлаас болж зөрчил үүсдэг байдал хаа сайгүй болсон. Хуультай мөртлөө хуульгүй мэт явсан. Газрын харилцааны нэгдсэн бодлого, дүрэмтэй байх ёстой. Төрийн бүх байгууллагын дарга, цэрэг нар 30 жилийн хугацаанд өөрийн болон байгууллагын эзэмшлийн газраа зарсан. Улаанбаатар хотын хэмжээнд 106 төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газар дээрээ нийтийн орон сууц барьж зарсан. Төрийн өмчийн компаниуд ч бий. Хууль зүйн хувьд юунаас улбаалсан бэ гэхээр Газрын хууль Иргэний хуультай зөрчилдсөн учраас хэрэгжилт дээр зөрчил гарсан. Улаанбаатар хотын иргэд Богд- Уул, Туул руу очиж чадахаа больсон. Учир нь хашаа хатгачихсан. Шинэ хууль баталбал нийтийн эзэмшлийн газар руу хувийн өмчийн газар дээгүүр дамжин өнгөрөх эрх зүй баталгаажна. Хувийн өмчийн газар байсан ч доогуур нь инженерийн байгууламж барих эрх баталгаажна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)