Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь өвч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Газрын тухай таван хууль байгаа. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. МАН-ын бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ цаашид уг хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргаан цэгцлэгдэнэ гэж үзэж буй” гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn