Т.САЙХАН

МАН-ын бүлэг Газрын багц хуулийг хэлэлцэн батлахаар болсон билээ.   Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр  “Газрыг өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашдаа хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр тодотгох шаардлага бий. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын  хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд оржээ. Иргэн бүрт хамаатай суурь эрх зүйн шинэтгэл явагдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэдийгээр Газрын хуультай мэт боловч хуульгүй мэт аягласаар ирсэн. Тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулан хэдэн зуун мянган иргэний орон сууц улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон. Хамгийн үнэтэй баялагаа үнэ цэнгүй байлгаж ирсэн. 97-98 орчим хувийн газрыг татвар төлбөрөөс чөлөөлж ирсэн. Үнэтэй зүйл өндөр татвартай байх ёстой. Үнэгүй олгож байгаа гэдэг нэрийн дор газрын албаныхан болон Засаг даргаар ажиллаж байсан нөхдүүд газрыг далд байдлаар үнэтэй зардаг. Газрын авлигын өртгийг шингээгээд өндөр өртөгтэй орон сууцууд баригдаж байна. Тиймээс газрын шинэтгэлийн цаана, далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах бодлогыг шийднэ. Салангид болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл болгоно. Орон нутагт, хот сууринд газрын асуудлаас болж зөрчил үүсдэг байдал хаа сайгүй болсон. Хуультай мөртлөө хуульгүй мэт явсан энэ харилцааг цэгцэлнэ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn