Б.ДОЛЖИНЖАВ

 

Нэг газраа, нэг албан тушаалдаа олон жил ажиллах нь шинэ үеийнхнийг хамгийн ихээр залхаадаг зүйл. Z үеийнхний тухайд үргэлж хөгжиж дэвшиж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, шинийг санаачилдаг онцлогтой. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Career Development” булан нээж, олон улсын чадварлаг залуусын туршлагаас хуваалцахыг хүслээ. Энэ удаа “Social Bella” старт-апыг 24 настайдаа үүсгэн байгуулсан Крисанти Индиана хэмээх эмэгтэйг онцоллоо.

“Залуудаа бизнес эхлүүлэхэд алдах зүйл юу ч байдаггүй” хэмээн ярих Крисанти Индиана өдгөө 31 настай. Долоон жилийн өмнө анх “Sociolla” цахим платформоор бүтээгдэхүүнээ сурталчилдаг байсан түүний дэлгүүр өдгөө Индонезид 48, Вьетнамд 13 салбартай болжээ. Үүний үр дүнд Индонезийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч “Social Bella” компанийн орлого 225 сая ам.доллараар хэмжигдэж байна. Ийн амжилттай бизнес эрхлэхэд туслах Крисанти Индианагийн гурван зөвлөгөөг хүргэе.

 

1   Авхаалжтай байх

 

Бизнес эрхэлж байгаа тохиолдолд өөрчлөлтөд дасан зохицох нь маш чухал. COVID-19-ийн үеэр “Social Bella” компанийн таван жилийн ой тохиожээ. Тиймээс ойдоо зориулж хийхээр төлөвлөсөн олон үйл ажиллагаагаа цуцалсан нь эхний шок байв. Үүний дараагаар хөл хорио тогтоож, үйлчлүүлэгчгүй болсон нь дараагийн хүнд асуудал болжээ. Өөрчлөх боломжгүй энэ хүндрэлээс гарахын тулд Индиана бүтээгдэхүүнээ цахимаар борлуулж, гэрээсээ хэрхэн арьсаа арчилж сурах вэ гэдэгт үйл ажиллагаа чиглүүлсэн байна. Тиймээс юу ч тохиолдсон гарцыг эрэлхийлдэг авхаалжтай байхыг тэрбээр зөвлөв.

 

2   Эхлүүлсэн бизнесээ зөв гэдэгт итгэх

 

“Social Bella” компани албан ёсоор баталгаажсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг нь аюулгүй байдлын шаардлагыг хангадаг учир амжилт олжээ. Зарим тохиолдолд үйлдвэрийн үнээс нь хямдаар бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан нь хэрэглэгчдийг татах нэг “соронз” болсон аж.Энэ талаар Крисанти Индиана “Бизнес эрхэлж байгаа хүн бүр амжилтын төлөө зүтгэдэг. Гэхдээ зөв зүйл хийж байгаа гэдэгтээ бат итгэлтэй байх нь үүнээс ч илүү чухал” гэж “CNBC”-д ярьжээ. Түүний старт-ап компани 30 гаруй сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, дэлхийн алдартай 400 брэндийн 12 мянга гаруй бүтээгдэхүүнийг борлуулж байна.

 

3   Удирдагчаа зөв сонго

 

Залуу, туршлага багатай учир Индиана бизнесийнхээ эхний жилүүдэд олон бэрхшээлтэй тулгарчээ. Харин энэ үед хамтран үүсгэн байгуулагчид нь түүнд тусалсан байна. Тухайлбал, компанийнх гүйцэтгэх захирал Жон Расжид санхүүгийн салбарт ажиллаж байсан учир асуудал гарах бүрт зөвлөгөө өгдөг байж. Харин төрсөн ах Мадиам нь бүтээгдэхүүнийх нь нүүр царайгаар ажилладаг нь Индианагийн амжилтын гол үндэс юм. Энэ талаар Индиана “Ах маань надад үргэлж сур, өсөж дэвж, сорилттой тулгарах бүртээ нээлттэй сэтгэж, эерэгээр хандаж бай гэж хэлдэг. Энэ бүхэнд нь би үнэхээр их талархдаг” гэв. Тиймээс асуудал тулгарах бүрт хамгийн оновчтой шийдлийг санал болгож, алдааг шүүмжилдэг бус урам зориг өгдөг удирдагчтай хамтран ажиллахыг Индиана зөвлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)