Т.САЙХАН

 

Засгийн газрын  ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат нар танилцууллаа.  Өчигдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Амартүвшинг дэд сайдаар томилжээ. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Амарсанааг томилох шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д арав­дугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Тус компани дээр нөх­цөл байдал ямар байгаа талаар бүрэн эрхэт  төлөөлөгчийн мэдээллийг сонсчээ.

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Тус компани энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байгаа. Бүрэн эрхэт төлөөлөгчийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өртэй, гэрээний урьдчилгаа хоёр их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрөв нь офтек гэрээ байдаг байна.  Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, урт, дунд, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулах хүсэлтийг тавьсан.  Өөрөөр хэлбэл нүүрсний урт, дунд, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, БНХАУ-ын хил орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүйгээр зохион байгуулах үүрэг өгөгдсөнийг хэлье.  Мөн өнгөрсөн тав дахьд болсон Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Хууль зүй, Зам тээвэр, Уул уурхайн сайд болон бусад холбогдох албан тушаалтан хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас Цагаан хад хүртэлх нүүрс тээвэр өдөрт 600 гаруй машинд хүрч, нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цааш хилээр гаргах тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат:

-Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдоод ам.долларыг Монголд оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлаа тавьсан. 500 гаруй машин нүүрс тээвэр хийхэд хүндрэлтэй байдал үүссэн байсныг зохион байгуулж, уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн тоог бууруулж чадлаа. Бид 378 мянган тонн нүүрсийг цааш нь борлуулж, Монголд 15.8 сая ам.долларыг оруулаад байна. Энэ байдлаар энэ ондоо багтан 500 сая ам.долларыг оруулж ирэх боломж байна. Намайг ажил авахад 200-300 тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрсийг гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөртөө гаргалаа. Бид цаашдаа 500 сая ам.долларт хүргэхийн тулд өдөртөө хамгийн багадаа 84 мянган тонн нүүрс, сардаа 2.5 сая тонн нүүрсийг гаргах шаардлагатай. Тус компани дээр оптек гэрээ дөрөв байна. Эдгээр гэрээг ил болгох асуудлыг Засгийн газраас тавьсан. Нөгөө талтайгаа ярилцаж, хуулийн хүрээнд ажиллана. Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Гэтэл аравдугаар сарын 25-нд нэг гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр орж ирэхэд нь нягталж үзэхэд компанийг эрсдэлд оруулахуйц, барьцаагүй хувийн хэвшлийн компанид давуу байдал өгсөн байсан. Тиймээс Санхүүгийн албаны дарга, Худалдан авалтын дарга, Ерөнхий нягтлан, Уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын газрын дарга гээд таван хүнийг хуулийн дагуу шалгаж, АТГ-т хүсэлт өгсөн гэлээ.

 

“ТНБД-аас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй”

 

“Авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг ТӨААТҮГ болгон өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлуулжээ. Уг улсын төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтантай, улсын төсвөөс жилд 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчилсөн байна.  Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн авто бааз нь дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ, орон нутгийн томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Төрийн хэмнэлтийн хууль үүгээр дуусахгүй. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын такси үйлчилгээ ашиглах эрх олгоно. Нийтдээ 250 автомашиныг хураасан, ойрын хугацаанд 250 автомашины хураан төвлөрүүлнэ. Нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, эмнэлэг, онцгой, цагдаа, гааль, ХХЕГ зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулан тарааж өгнө” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)