Т.САЙХАН

 

УИХ-ын дарга  Г.Занданшатар БНСУ-д  ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, Э.Батшугар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нар багтжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё, Ерөнхий сайд Хан Дог Сү, ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон, Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён нартай уулзсан байна.

Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пётой хийсэн уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцжээ.  Мөн  Ким Жин Пё харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Хан Дог Сү-ний уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  түүх, соёлын хувьд нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг “түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү-г Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлсэн байна.Харин БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү  ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Манай хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж бий” хэмээн онцлов. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулах боломж байгааг тэмдэглэв.Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлжээ.

Төв банкны ерөнхийлөгч И Чан Ёнтэй хийсэн уулзалтын хүрээнд хоёр улсын Төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ механизмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, хөнгөлөлттэй зээл олгох, тэр дундаа ногоон эдийн засгийг дэмжсэн зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)