Ц.БАЯР

Хоёр жил гаруй хуга­цаанд олон нийт, мэр­гэж­­лийн байгууллагуу­даар хэлэлцэгдэж буй ашигт малтмалын шинэ­чилсэн хуулийн сүүл­чийн хэлэл­цүүлэг энэ сарын 18-нд боло­хоор товлогдсон бай­на. Чингис зочид буудалд болох энэхүү хэлэлцүү­лэгт уул уурхайн салбарт ажил­лаж буй аж ахуйн нэгж, мэргэ­жилт­нүүд, эрдэм­тэд, хөрөнгө оруу­лаг­­чид, иргэд, оролцох аж. Ингэснээр хэлэл­цүүл­­гээс үнэ цэнэтэй санал санаач­лага гарна гэдгийг хэлж байна. Ашигт малтмалын хууль гэдэг геологи уул уурхайн салбарт бол үнд­сэн хууль нь. Энэ суурь хууль сайн болбол дагалдаж гарах Усны тухай хууль, Газрын хэв­лийн хууль, Байгалийн бая­лаг ашигласны хууль то­дор­­хой болж бухимдал тээ­сэн олон маргаан эцэс болно.

Шинэ хуулийн төсөл өмнөхөөсөө ямар онцлог ялгаатай болсныг тоймлоё. Зарим аймгийн нийт газар нут­гийн 45-50 хувь нь лиценз­ бүхий талбай болсон нь иргэдийн бухимд­лыг төрүүлж, мал бэлчээр­лэх газаргүй болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс Мон­гол Улсын үндэс­ний аюул­гүй байдлын зөв­лө­лөөс одоогийн мөрдөг­дөж бай­­гаа хуулийг шинэч­лэн най­­руулах хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан билээ.

1996 онд баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь өнөөгийн нийгмийн нөхцөл шаардлагыг хангаж чадахгүй, өөрөөр хэлбэл цэрэг дайны аюулгүй байдал гэхээсээ илүүтэй эдийн засгийн аюулгүй байдлыг хангаснаар улс орны аюулгүй байдал хангагдана гэж үзэж 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан юм. Монгол Улсын эдийн засаг  сүүлийн жилүүдэд өссөнтэй холбогдож гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг зөв тэнцвэртэй барьж эрдэс баялагын салбараа зөвөөр хөгжүүлж, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай гэсэн  олон зүйлийг шинэ үзэл баримтлалд тусгасан. Ийнхүү хоёр жилийн өмнө  Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй  байгуулж хуулийн төслийг боловсруулж сүүлийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. Шинээр боловсруулсан хуулийн төсөл нь нэг талаасаа үндсэн хуулийн зарчим үзэл санааг тусгаж нөгөө талаасаа шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл санаанд тулгуурласан аж. Өөрөөр хэлбэл газар нутаг түүний баялаг нийт ард түмэн хүн бүрийн өмч мөн гэсэн үндсэн хуулийн заалтыг нөгөө талаасаа Монгол орон хөгжих үүднээс гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжсэн, гэхдээ иргэндээ баялагынхаа ихэнх хувийг хүртээж төр өөрөө эзэн байж бодлогоо гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавих гэсэн зарчмаар боловсруулжээ.

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АШИГТ МАЛТМАЛ

Одоогийн мөрдөгдөж буй хуульд стратегийн ач холбогдолтой гэсэн 15 ордыг нэрлэсэн байдаг. Эдгээр ордууд ашиг өгч эхлээгүй атлаа маш их маргаан дагуулсаар. Стратегийн орд гэдэг ойлголтыг 2007 онд анх гаргажээ. Харин олон улсын жишигт  стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж хуулиндаа тусгасан байдаг аж.  Өнөөдөр эдгээр орд газраас нэмж ашиглалтанд орсон орд газар байхгүй. Харин ашиглалтанд бэлтгэж буй хэд хэдэн орд газар байгаа ч хэдийд ашиглах нь тодорхойгүй байгаа. Нэгэнт стратегийн орд гэж зарлагдсан дээрх ордууд энэ ойлголтоор явах   харин үүнээс хойш стратегийн орд гэсэн ойлголт байхгүй болсныг шинэчилсэн хуульд онцолжээ. Цаашид бусад улс орны жишгээр стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэсэн ойлголтыг хэрэглэж байхаар болсон байна. Өөрөөр хэлбэл нүүрсээ стратегийн ач холбогдолтой гэж үзэх үү, алтаа нэрлэх үү, эсвэл газрын баялагаа хэлэх үү гэдгээ тухайн цаг үед дэлхийн зах зээлд ямар ашигт малтмал илүү өндөр үнэ хүрч байна, түүнийг онцолж байх гэнэ. Тухайлбал, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн үед стратегийн ач холбогдолтой гэж зарлаад алтаа Засгийн газар нь мэдэлдээ авч тусгай нэмэгдэл татвараа авдаг. Харин алтны  үнэ  унасан үед Засгийн газар  стратегийн ач холбогдолтой биш гэж тооцоод нэмэгдэл татвараа зогсоох зэргээр уян хатан бодлого баримтална. Хэрэв нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хямдхан болбол ердийн горимоор татвараа авдаг тогтолцоог зохицуулсан байна.

ЛИЦЕНЗИЙГ ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН САНАЛААР ОЛГОНО

Өргөдөл гаргасан хэн дуртайд нь лиценз олгодог байсан одоогийн хуулийн үр дүнгээр лиценз болон газрын наймаа, эмх замбааргүй байдлыг бий болгосон. Үүнийг олон жишээ баримтаар дурьдаж болно. Харин 2013 оноос лицензийн  өргөдөл гаргасан болгонд биш Уул уурхайн Яамнаас зарласан талбайд л тухайн орон нутгийн ИТХ-ын саналаар олгохоор болж байгаа ажээ. Ингэснээр илүү цэгцтэй, бодлого төлөвлөлтэй болж байгаа юм байна. Нөгөө талаар төр бизнес руу хутгалддаг, улс төрчид хувь эзэмшдгийг болиулж үндэсний компаниудаа дэмжих боломж олгож, төр хяналтаа тавих, татвар хураамжаа авдаг зарчмыг хуульд илүү тусгажээ. Нөгөө талаар үндэсний компаниуд олон жил уул уурхайн гагнетууд болох гадны том хөрөнгө оруулалтын компанитай өрсөлдөх боломжгүй байсаар ирсэн. Тиймээс шинэчилсэн хуулиар үндэсний компанид дэмжлэг үзүүлэх уян бодлого барьжээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “  Гадны компани дангаараа хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй Монголын компанитай хамтардаг, туршлагаас нь суралцдаг, тодорхой хэмжээний оролцоотой байх тогтолцоог хуульчилж байна. Өмнөх хуульд лиценз олгох сонгон шалгаруулалт ил тод биш байсан бол  шинэчилсэн хуульд  тухайн компани ямар шалтгаанаар ялагдсан үндэслэлийг төр тайлбарладаг байхаар оруулсан нь энэ хуулийн давуу тал” гэсэн. Гэхдээ олгогдох талбайн хэмжээ, ашигт малтмалын төрөл зүйлээс хамаарах учраас хатуу бодлого биш гэж хууль боловсруулагчид ярьж байна.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ КОМПАНИ УУЛ УУРХАЙ РУУ ЗҮГЛЭХ Ч ЭРХГҮЙ 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэхдээ “Хөрсний нөхөн сэргээлт хийгээгүй компанитай ярих зүйл байхгүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр шинэ хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэхэд нөхөн сэргээлт хийгээгүй компани уул уурхай руу зүглэх ч эрхгүй болж байна.Олборлолт явуулахдаа  байгальд ээлтэй, хор хохирол бага, эдийн засгийн үр ашигтай технологийг нэвтрүүлсэн компани л уул уурхайгаар оролдох боломж энэ хуулиар олгогдоно. Шинэчилсэн хуульд уурхайн хаалт нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг ТЭЗҮ-д үе шаттай нь хөрөнгө мөнгийг нь тодорхой тусгасан тохиолдолд лиценз олгогдохоор тусгасан байна. Тухайн орон нутгийн байгаль орчин, хүн амд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. Нэгэнт олборлолт хийсэн газрыг эргээд эдийн засгийн эргэлтэд орж тухайн сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц амралт аялал жуулчлалын газар, эсвэл мал бэлчээрлэх талбай бий болгосон тохиолдолд лицензийг сунгах, дахин олгох зэрэг бусад арга замыг нарийн тусгажээ.