Б.ГАРЬД

 

“...Нүүрс бол Монголын валют” гэдэг. Бүгд мэддэг болсон. Тиймээс нүүрсний орлого улсад 100 хувь ордог, хэдхэн хүн дундаас нь завшдаггүй байх ёстой. Гэвч олон жилийн турш завшсаар байгаа улс төр, бизнесийнхний бүлэглэл бий гэдгийг ч нийтээрээ мэддэг болжээ. Тэгвэл ковид, геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давахад энэхүү нүүрсний бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох шаардлага үүсчээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд “...“Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавихаар төлөвлөж байна, нуугаад яах вэ. Маш олон охин компанитай, тус бүр дээр ТУЗ-үүдтэй. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байгаа. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан.  Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын гишүүд холбогдсон байгаа. Цаана нь олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж мэдэгдсэн. Тэгвэл уржигдар Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ  “..."Эрдэнэс Тавантолгой" компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө, олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэв.

Ерөнхий сайдын зургаан сар гаруйн өмнөх мэдэгдлээс улбаатай шийдвэрийн талаарх ЗГХЭГ-ын даргын уржигдрын мэдээллээс үзэхэд нүүрстэй холбоотой олон жил яригдсан ноцтой асуудлууд хөндөгдөх бололтой. Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр, “...Засгийн газар ийм арга хэмжээ авсанаар нүүрсний хулгайг таслан зогсоох бөгөөд үүнтэй холбоотой улс төрийн элдэв акц, “тэмцэл”-тэй ч тулж болзошгүй” гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)