Б.ДАРЬСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Мөнх-Одтой ярилцлаа

 

-Таны хувьд 2014 онд Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бол одоо аймгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Багагүй хариуцлага нэмэгдсэн болов уу. Ялгаа нь юу байна?

-Баян-Өндөр сумын төлөөлөгч байхад батлагдаж буй төсөв нь аймгийнхаас бага байсан. Тиймээс иргэдээс авсан саналын дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж, ажлаа гүйцэтгэдэг байсан. Хариуцлагын тухайд адилхан төлөөлөгч учраас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн дагуу эрх, үүргээ биелүүлж байгаа.

-Шинэ албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар арга барилаар ажиллахыг эрмэлзэв?

-ИТХ-ын төлөөлөгчид ажлаа аваад, хоёр жил өнгөрчээ. Цар тахалтай холбоотойгоор иргэдтэй тогтмол уулзаж чадаагүй. Хийсэн ажлын мэдээллээ цахим орчинд тайлагнаж, иргэдтэй уулзаж байлаа. Харин одоо халдварын тархалт багассан тул хэвийн горимд шилжин ажиллаж байна. Жишээлбэл, Багийн иргэдтэй байнгын харилцаатай байж, байр байраар нь уулзаж, тулгамдсан асуудлуудыг нь сонсож, шийдвэр гаргах түвшинд уламжилдаг.  Үүний хэрэгжилтийг багийн нэгдсэн фэйсбүүк группт тайлагнадаг.

-Танай аймгийн хувьд 35 төлөөлөгчөөс тав нь л эмэгтэй юм байна. Эрэгтэй төлөөлөгчдөөс ажлын арга барил, ур чадвараар хэрхэн ялгарч байна вэ?

-2020-2024 онд Орхон аймагт нэлээн хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жишээлбэл, багш, эмч хөтөлбөр юм. Энэ нь тухайн салбар дахь залуу боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлээд зогсохгүй, нийгмийн баталгааг дэмжих давуу талтай юм. Онцлог хөтөлбөрийн тухайд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” бий. Үр дүн нь эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал дахь оролцоо, манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх юм.

-Цаашид эмэгтэй төлөөлөгчдийг нэмэгдүүлэхэд ямар ажил хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг вэ?

-Удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хуулинд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20 хувь гэж тусгасныг 30 болгох нь зүйтэй. Ингэснээр эрчүүд л удирдах албан тушаалд ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг халахад нэмэр болох юм.

-Өмнө нь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн номын санчаас эхлээд баг, сумын Засаг даргаар ажиллажээ. Ажлын туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас иргэдийн тулгамдсан асуудлыг сайн мэддэг. Гэвч эрх мэдэл маш бага. Аймагт ирснээр бодлого, шийдвэрийн түвшинд эрх мэдэл нэмэгдэж, иргэдээс ирсэн саналыг уламжилж, бодит ажил болгох нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 209 (6941)