УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийн айлчлалын хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.10.26/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга, Фридрих Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн  Др.Ролф Мюүтцинэх, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Г.Дамдинням, Ц.Цэрэнпунцаг  болон Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх А.Ариунзаяа,  Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, УИХ-ын Стратеги судалгааны хүрээлэн, ҮАБЗ-ийн Ажлын алба, Гадаад харилцааны яам, ШУА-ийн ОУСХ зэрэг 20 гаруй байгууллагын  эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс сангийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа. Тэрбээр “Фридрих Эберт сан нь Европ дахь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Социал Демократ нам нь Германы Бундестагт хамгийн олон суудал авсан нам. Өнөөдрийн уулзалтад Германы Парламентын туршлагатай улстөрч, 20 гаруй жилийн турш гадаад бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буй Др.Ролф Мюүтцинэх урьж оролцуулж, туршлага солилцож байгаад баяртай байна” гэв.   Мөн “Социал демократ үзэл баримтлал” номыг Монгол хэл дээр, Монгол Улсын гадаад харилцааны талаар өгүүлсэн “Монгол улсын геопилтик” номыг герман хэл дээр хэвлэж уншигчдын хүртээл болгож байгаагаа онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр ХБНГУ-ын Бундестаг Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга  Др.Ролф Мюүтцинэх оролцогчдод  “Социал демократ үзэл баримтлал ба гадаад аюулгүй байдлын бодлогын үнэт зүйлс, үндсэн зарчмууд” сэдвээр илтгэл тавьсан.

Др.Ролф “Миний хувьд Германы Бундестагийн гишүүний хувиар болон Фридрих-Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүний хувиар энэхүү үгийг хэлж байна. ХБНГУ-ын хувьд Монгол Улстай түншлэлийн харилцаатай байхын тулд хичээж ажиллах болно. Ардчиллыг дээдэлж, гадаад нөхцөл байдлын суурь зарчим болгох нь нөгөө талаар энхтайвныг бэхжүүлж буй үйл явдал юм. Энэ нь зөвхөн Социал демократ үзэл баримтлалын хэлбэр биш, шинжлэх ухаанаар баталгаажсан ойлголт. Монгол Улс,  Ардчиллыг дэлхий дахинд түгээх, бэхжүүлэх,  хамгаалах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэгт нь ХБНГУ-ын улстөрчийн хувьд талархал илэрхийлэх нь зүйтэй. Герман улсын хувьд Социал демократ үзэл баримтлал буюу эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсны үнэт зүйл нь гадаад төдийгүй дотоод нөхцөл байдалд адил тэгш үйлчилдэг. Гадаад энхтайвныг хангахын тулд дэлхийн бусад улс орныг тэгш эрхтэй хөгжих боломжийг хангах ёстой гэсэн бодлого барьдаг. Улс орон хөгжих боломжтой байж энхтайвныг төвхнүүлэх учиртай.  Тиймээс энэ жилээс ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг нэгтгэж оруулсан” гэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил болон эрдэмтэн судлаачид асуулт асууж, хэлэлцүүллээ.