Б.ОД
"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа. Энэ хугацаанд компанийг бүрэн төлөөлөх Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.
Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэхийг даалгасан. Тодруулбал, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн юм.
Онцгой дэглэмийн хугацаанд:
Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх
Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх
Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.
Эх сурвалж:www.polit.mn