Т.САЙХАН

 

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах  асуудлыг шийдэх эрх Засгийн газарт бий. Түүнээс биш газрын хэвлийд байгаа баялаг болгонд УИХ шийдвэр гаргах нь замбараагүй байдал бий болгоно. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдэх юм.  Мөн бүлгийн хурлаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Уг хуулийн олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгож байгаа. Түргэвчлэх шаардлагатай. Судалгааны их сургууль гэдгийг Их, дээд сургуулийн хуультай, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганы хугацаанд багтааж батлах нь зүйтэй гэж үзлээ" гэв.

 

АН: Монгол Улсын эдийн засаг чөтгөрийн тойрогт орлоо

 

АН-ын бүлгийн хуралд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа оролцож,  нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар мэдээлэл танилцуулжээ.  Тэрбээр танилцуулгадаа төлбөрийн тэнцлийн урсгал зардал сүүлийн 12 жил хос алдагдалтай явж ирсэн.  Эдийн засгийн өсөлт дунджаар  4.4 хувь байгаа бол  хэлбэлзэл нь 5.5 хүрсэн.  Өсөлтөөсөө хэлбэлзэл нь өндөр байгаа нь макро эдийн засаг тогтворгүй байдалд нөлөөлж байгааг дурдав. Түүнчлэн ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл бийг, мөн гадаад өрийн төлөлт эдийн засагт дарамт учруулах магадлалтайг тайлбарлав.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан гэж дүгнэсэн талаараа мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)