Т.САЙХАН
МАН-ын бүлэг өнөөдөр /10.24/ хуралдаж зарим асуудлаар байр сууриа нэгтгэсэн. Бүлгийн хурлаар гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Хурлаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, "Эрдэнэт" үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ыг тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хороо болон Нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг өмнө нь тус байнгын хороогоор нэг удаа хэлэлцэж, эрхзүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтэст хүргүүлсэн. Эрхзүйн дүн шинжилгээ гарсан. Дүн шинжилгээнд “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн. Өмнө нь "Ачит эхт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдмин" зэрэг компани овоолгыг ашиглаж байсан. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч байсан. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах шийдвэрийг бүлгээс гаргалаа гэв.
Эх сурвалж:www.polit.mn