Б.ДАРЬСҮРЭН
Монгол Улсад өнөөдөр 6525 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс хүнс, хөдөө аж ахуйн 645, эрүүл мэндийн 744, барилгын 655 стандарт байгаа аж. Гэтэл манай улсад хамгийн их асуудал дээрх гурван салбарт үүсдэг. Жишээлбэл, дотоодын хүнсний бүтээгдэхүүний 10 хувь нь л тохирлын үнэлгээгээр баталгаажиж байна. Тоон үзүүлэлтээс харахад, стандарт хангалттай ч хэрэгжилт муу байгаа нь иргэдэд мэдээлэл хүргэдэггүй, хяналт тавьдаггүйтэй холбоотой аж. Иймээс хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдгээр салбарын стандартуудыг цаг үетэй уялдуулан нэн даруй шинэчлэхээр Засгийн газар зорьж байна.
Үүний тулд Ерөнхий сайдын энэ сарын 7-ны 159 дүгээр тогтоол гарч холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ыг татан буулгах шийдвэр гарсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ-ыг татан буулгаж, хяналт шалгалтыг харьяа яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналтыг хувийн хэвшилтэй хамтран хийх боломж бий. Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ. МХЕГ 1600 гаруй албан хаагчтай. Тус газар байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажилладаг ч яамдад давхардсан 1400 ажилтан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулж яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн юм.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан мягмар гарагт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ “Монгол Улсад стандарт орхигдсон учраас бидний алхам тутамд эрсдэл тулгарч байна. Гадаад улсуудыг харахаар хүнс, явган хүний зам, нийтийн тээвэр нь бүгд стандарттай. Бидэнд сайжирч байгаа зүйл бий ч энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол хөгжил ярих боломжгүй. Тиймээс үндэсний хэмжээнд “Стандарт” хөтөлбөр хэрэгжүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангана” гэлээ. Манайд МХЕГ-аас гадна Стандартчилал, хэмжил зүйн газар байгуулагдаад 99 жилийн нүүр үзэж байгаа ч сүүлийн 30 жилд эзэнгүй мэт хаягдсан. Энэ салбарт боловсон хүчний хомстол үүсч цалин хөлс хангалтгүй байгааг ч онцолсон юм.
Ажил нь хангалтгүй байгааг нотлох нэг жишээ нь яах аргагүй махны асуудал билээ. Өнгөрсөн зургадугаар сард “Эмээлт”-д үүссэн махны асуудал даамжирсаар эцэст нь 507 тонн махыг хурааж авсан. Үүгээр ч асуудал намжсангүй. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ руу экспортлох гэж байсан 9800 тонн махыг стандартын шаардлагад нийцээгүй шалтгаанаар буцаасан. Тухайн үед салбарын сайд Х.Болорчулуун Франц улсад айлчлалтай байсан тул “Зууны мэдээ” сонин тухайн асуудлаар энэ сарын 7-ны дугаартаа ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Довчинсүрэнгээс тодруулсан билээ. Тэрбээр “БНХАУ-ын Эрээн боомт дахь цар тахлын байдлаас шалтгаалан өнгөрсөн сарын 28-нд хуваарийн дагуу эхний таван машин буюу 125 тонн мах, махан бүтээгдэхүүн Замын-Үүд боомтод очсон ч Эрээн хотын эрх бүхий байгууллагаас нэмэлт тайлбар, мэдээлэл хүссэн тул хилээр нэвтрээгүй. Тиймээс сүүлийн өдрүүдэд тараад буй “9900 тонн мах чанарын шаардлага хангахгүй буцсан” гэх мэдээлэл нь худал” хэмээн тайлбарласан. Харин энэ сарын 19-нд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Экспортоор мах гаргаж буй ААН-үүдийн дунд Эмээлтэд байрладаг компани байна гэх байдлаар болгоомжилж, хилээс буцаасан. Их хэмжээний мах буцаагдаагүй. Дорноговь аймагт бог малыг амьдаар нь экспортод гаргах хашаалсан аж ахуй байгуулж байна. Удахгүй ашиглалтад орно” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)