Т.БАТСАЙХАН
Өнгөрсөн баасан гарагт эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайдын томилгоог хэлэлцсэн. Улмаар ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг дэмжиж, Боомт хариуцсан сайдын томилгоог Удирдах зөвлөлөөс хойшлуулжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Боомт хариуцсан сайдын томилгоог 2023 оны төсөв баталсны дараа хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгөв. Мөн удирдах зөвлөлөөс ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн юм. Ийнхүү баасан гарагийн үдээс хойш нэгдсэн чуулган болон Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дээрх томилгоонуудыг баталгаажууллаа.
Т.Аюурсайхан: Сайдын алба шагнал биш, ачаалал ихтэй, хүнд үүрэг авлаа
ХНХ-ын сайдаар томилогдсон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тангараг өргөх үеэрээ "ХНХЯ бол гурван сая хүн амын амь, амьдралын асуудлыг хариуцдаг. Энэ салбарыг хариуцаж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ албыг надад санал болгосон. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн асуудал хүлээгдэж байна. Энд томоохон реформ хийх шаардлагатай. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн төсөв байнгын алдагдалтай байдаг. Тиймээс үүнийг өөрчилнө. Харин хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилахаа иргэдийн саналаар шийднэ. Түүнчлэн ядуурлыг бууруулах арга хэмжээ авна. Сайдын ажил шагнал биш. Ачаалал ихтэй, хүнд ажлыг хариуцаж авах үүрэг даалгавар авлаа" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг УИХ-д танилцуулахдаа Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан сайдын албан тушаалд тохирно гэж үзсэн гэдгийг онцолсон. УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ сайдад хандан “УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр таны боловсрол, мэдлэг туршлага хууль засагладаг нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэхүү салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт УИХ итгэж байна. Иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх ажилгүйдэл ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал тулгамдсан асуудал таныг хүлээж байна.Эдгээр асуудалд онцгойлон анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье” гэлээ.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй" гэдгийг санууллаа. Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг Т.Аюурсайханд захив.
Дараагийн УИХ-ын дэд дарга хэн байх вэ?
Т.Аюурсайхан нь 2020 оноос УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Ийнхүү Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсоноор УИХ-ын дэд даргын суудал сул үлдэж байна. Түүнийг сайдын тангараг өргөхтэй зэрэгцэн дараагийн дэд дарга хэн бэ гэх бор шувуу нисч эхлэв. Түүний оронд парламентын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нарын нэр яригдаж буй бололтой.
ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилов
Мөн баасан гарагийн үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо. 1990 оныхны төлөөлөл улс төрд орж ирж буй нь олон анхаарлыг татсан. Шинэ сайд М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн.
Тэрбээр 2011-2013 онд НАМОХ-ны нарийн бичгийн дарга, 2013-2015 онд “Шинэ Дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер, 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2022 онд Социал демократ Монголын залуучуудын холбооны зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2020-2022 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан ажлын туршлагатай ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)