Б.ДАРЬСҮРЭН
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний V хуралдаанаар Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679:2019 стандартыг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу Стандартчиллын үндэсний зөвлөл өнгөрсөн наймдугаар сарын 14-нд Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталжээ.
Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцож байна. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх аж.
Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар зургаа болгосон. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар 27 болгож бууруулсан. Ингэснээр түлшний шаталтаас хаягдах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах тооцоо гаргажээ.
Эх сурвалж: www.polit.mn