Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой сангийн зээлийн мэдээллийг чуулганы танхимд зарлах болсон. Тухайлбал тэрбээр өчигдрийн чуулганы хуралдааны үеэр " Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Жишээ нь, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз тус банкинд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч байгаад "Чингис хаан" банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулж "алга" болгосон. Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Ц.Даваасүрэнгийн мэдэгдэлд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн. Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийдвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ. "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn