Б.ДАМДИН-ОЧИР

 

АН нэг аятайхан даргатай болох сураг дуулдаад удлаа. Тэр нь С.Баярцогт юм. “Экс”-үүд түүнийг АН-ын даргад илтэд дэмжин зүтгүүлж буй. Ил далд уулзалтыг энд тэнд олон удаа хийсэн. Тэрхүү “ухуулан сэнхрүүлэх” ажил нь тун бүтэлтэй яваа аж. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг АН-ын дарга болгох дээр дээгүүрээ тохироонд хүрч чадсан байна. Харин энэ тохироог анхан, дунд шатны гишүүд нь ойлгохгүй байгаа бололтой. Том хурал зарлаад томилчихож чадахгүй гацчихаад байгаагаас энэ нь харагдаж байна.

Уг нь С.Баярцогт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчны сайд, Сангийн сайд байсан. Бас МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч, МЗХ-ны ерөнхийлөгч, МСДН-ын дэд даргаар ажиллаж байв. Мундаг улстөрч л дөө.

Тэрбээр 2018 онд Оюу толгойн асуудалд орооцолдохоосоо өмнө ялих шалихгүй, жижиг сажиг асуудалд холбогдож байсан юм. Тэр нь юу юм гэхээр, 2013 оны хавар барууны том хэвлэлүүд С.Баярцогтын оффшорыг ил болгосон. Тэгэхэд мань эр өөрийгөө “...Огт буруугүй”  гэж мэдэгдээд  УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч байв. Дахиад гурван жилийн дараа Панамын баримтаар бас л оффшор данснууд нь илэрсэн. Тэр үеэр С.Баярцогт өөрийгөө “...Хятадын иргэн” гэсэн баримт нь гарч ирж байв. Энэ явдлууд тэгсгээд дарагдсан.

Харин 2018 онд Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал сөхөгдөж, түүнийг балласан. АТГ-аас эхлээд хууль хяналтынхан мууг нь үзэж, нам нь хүртэл хөөж байв.

Сүүлд ил болсон мэдээллээр С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150.000 ширхэг хувьцааг 1 393 321.38 ам.доллараар худалдан авсан. Энэ нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компанийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрийг нь өөрчилсөн компаниар  “20 736 000 732 төгрөгийн, бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн дээр дурдсан 150.000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр худалдаж, 1 345 876.11 ам.долларын ашиг олсон. Уг мөнгөнөөс 1 200 000 ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий компанийн Голомт банк дахь  дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон” гэдэг юм.

Тэгвэл энэ асуудлаас нь болж, АН-ынхан 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “намаас хөөсөн” байдаг.  Тэр талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэхдээ “...Швейцарийн дээд шүүх С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Рио Тинто” компаниас Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн. “Рио тинто” компанийн “Оюу толгой” төсөлтэй холбоотой гомдлыг хэлэлцээд Сангийн сайд асан С.Баярцогтын харилцаж байсан Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн С.Баярцогтыг АН-аас хөөн зайлуулж, хийсэн хэргээ хүлээхийг шаардаж байгаа” гэсэн.

Ер нь бол С.Баярцогт Оюу толгойн хэргээс болж хэд хэдэн удаа цагдан хоригдсон. АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд саатуулж, маргааш нь шүүх түүнийг 30 хоногоор цагдан хорьсон. Учир нь АТГ-аас С.Баярцогтыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих саналаа НПГ-т тавьж, прокуророос шүүхэд хүргүүлсэн. Ингэхдээ түүнийг “...Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн байдаг. Дахиад 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагдан хорих шийдвэр гаргасан. Гэхдээ үүнээс 14 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнийн шийдвэрээр  сулласан.

Ингээд явж байтал нь 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-ын ҮБХ-ны хурлаас С.Баярцогтын намын гишүүнчлэлийг сэргээж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгосон. Тэгээд удалгүй, зургадугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан байдаг юм.

Ер нь бол С.Баярцогтын Оюу толгойтой холбоотой хэргийг бүх шатны шүүхээр шийдсэн. Тэр дундаа Дээд шүүхээр хоёр ч удаа хэлэлцсэн байдаг. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 2020 оны долдугаар сарын 17-нд 10 жилийн хорих ял оноосон. Харин дараа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дөрвөн жил найман сар хорих ял шийтгэсэн. Дараа нь Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 19-нд “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг “...Мөнгө угаах” гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, дөрвөн жил найман сар хорих ялыг хэвээр нь үлдээсэн.

Гэтэл ингэж гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан С.Баярцогтын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Тэгээд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.

Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хэрэг шийдвэрлэх хувилбаруудыг зааж өгсөн.  Тэнд нь 2021 оны долдугаар сард “..Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай” гэснийг зөвшөөрсөн заалт алга. Тэгэхээр Дээд шүүх хоёр дахиа шийдэхдээ энэ хуулийн хаагуур шийдсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Эргэлзээтэй хоцорсон. Хуульч Г.Ганзориг тухайн үед уг кэйсийг тайлбарлахдаа “...Дээд шүүх С.Баярцогтод заавал ял шийтгэл оногдуулахыг эрмэлзэж байгаа мэт харагдаж байна. ... “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааж шударга ёсны зарчмыг тодорхойлсон байхад С.Баярцогтын хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаснаар шүүх хоёр дахь удаагаа ял шийтгэл оногдуулах болж байна. Энэ нь иргэн С.Баярцогтын шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж, түүнийг хохироож байна” гэж байв. Гэвч энэ хэрэг прокурорт очиж, тэр яг сарын дараа, 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан байдаг.

Ингээд уг хэрэг сураг алдраад байсан юм. Харин дээрх явдлаас жил орчмын дараа, 2022 оны долдугаар сарын 6-нд прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр “...С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм.

Энэ нь “...С.Баярцогтын хэргийг АТГ-аас хэрэгсэхгүй болгох санал гаргаж, НПГ-ынхан ёсоор болгосон” гэсэн үг. Тэгэхээр тэр аль 2018 оноос хойш бүтэн дөрвөн жилийн турш хэлмэгдсээр ирсэн болж таарч байна. Тэрбээр хэд хэдэн удаа сараас дээш хугацаагаар цагдан хоригдож, шүүхээс 10 жилийн хорих ял хүртэл авсан. Тэгвэл С.Баярцогтын хохирлыг нь хэн барагдуулах ёстой вэ. Төр үү, хэн нэгэн үү, эвсэл аль нэг улс төрийн хүчин үү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)